УИХ-ын чуулган хуралдаж байна.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Зөвшөөрлийн тухай хуулийг дэмжиж байгаа. Нийгэмд ухаалаг бус утга учир муутай, чирэгдэл зардал ихтэй, хүнд суртал, ойлгомжгүй байдлыг дөвийлгөсөн байдлууд гараад байхаар авлига гараад байгаа шүү дээ. Үүнийг зогсоохын тулд Зөвшөөрлийн хууль гэж ерөнхий нэг категор руу оруулах гэж санааг дэмжиж байгаа. Гэхдээ судалгаатай хийхгүй бол эрсдэл гарч байгааг хэлье. 2022 оны зургадугаар сарын 17-нд баталсан Зөвшөөрлийн тухай хуульд Галт зэвсгийн тухай хуулиас давсан зүйлийг хуульчилчихсан. Галт зэвсэг түүний дагалдах хэрэгсэл гэдэг үг ороод ирсэн. Тэгээд юу болсон гэхээр гааль дээр ийм хэрүүл болсон. Нэг иргэн галт зэвсэгтэй холбоотой эвдэрсэн нэг пүрш, дуран хараа гэх мэт зүйл оруулж ирэх гэсэн гааль дээр энэ тусгай зөвшөөрөлтэй юм байна. Зөвшөөрлийн тухай хуульд дагалдах хэрэгсэл гээд биччихсэн байна гэсэн. Зөвшөөрөл өгдөг цагдаагийн байгууллагад нь очихоор Галт зэвсгийн тухай хуульд ийм бүрэн эрх манайд олгоогүй. Тусгай зөвшөөрөл бичихгүй гэдэг. Иргэн учраа олохгүй. Гааль дээр нэг өөр, цагдаа дээр нэг өөр. Хууль хоорондын зохицол, үндсэн зохицуулалт юу шийдэж байгааг ойлгохгүйгээр зөвшөөрлийн тэр хэсгийг бичихээр тийм гажиг үүсэж байна. Ухаалаг бус утга учир муутай, зардал чирэгдэл ихтэй зүйлийг л энэ хуулиар хасах гэж оролдож байгаа юм. Дагаж ирсэн хуульд нь дахиад биччихсэн. Сумтай холбоотой хэсэг байна. Тэсэрч дэлбэрэх эрсдэлтэй нь дарь байхгүй юу. Хонгио, толгой гэх мэт чинь зүгээр л металл. Үүнийг тээвэрлэхэд тусгай машин хэрэггүй шүү дээ. Гэтэл үүн дээр чинь тусгай машин байх хэрэгтэй гэчихсэн. Дарийг жилдээ 1-2 удаа л тээвэрлэх байх. Угсрагдчихсан байгаа сум тэсэрч дэлбэрэхгүй шүү дээ. Тэгэхээр аж ахуй нэгж дээр ухаалаг биш утга учир муутай, дахиад зардал нэмчхэж байна. Чи заавал ийм юмтай бай. 2 жилд нэг удаа хэрэглэх тээвэрт зориулаад машинтай бай гээд хуульчилчихсан. Гэтэл тэсэрч дэлбэрэх бодисыг тээвэрлэх чинь тусдаа бизнес. Тэр аж ахуй нэгжид байх албагүй. Хоёр жилд нэг удаа өөр компаниар мөнгийг нь төлөөд тээвэрлүүлж болно шүү дээ. Гэх мэтчилэн амьдралд байдаг зүйлүүдийг судалж байж хууль хийхгүй бол механикаар албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана гэдэг шиг аж ахуй нэгж, бизнес эрхэлж байгаа иргэд дээрээ утга учир муутай хүнд суртал, дахиад давхар зардал албан тушаалтнаа эрх мэдэлжүүлсэн үг үсэг биччихээр дунд нь иргэн асуудлаа шийдэж чадахгүй. Асуудлаа шийдэх арга зам нь юу үлдэх вэ. Авлига л үлдэнэ. Тэгэхээр бид нэр томьёонуудаа сайн судлах хэрэгтэй.
С.ОТГОНБАЯР








Нийгэм







