“Саусгоби Сэндс” ХХК-ийн санхүүжилтээр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дамбадаржаа дулааны төвийн халаалтын зуухуудыг шингэрүүлсэн хийн түлшний технологид шилжүүлэхээр өнөөдөр гэрээ байгууллаа. Гэрээнд санхүүжүүлэгч “Саусгоби Сэндс” ХХК-ийн Хүний нөөцийн хэлтсийн менежер Д.Нэмэхбаяр, гүйцэтгэгч “Газком” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Сэржбүдээ, захиалагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл нар гарын үсэг зурав.
Дамбадаржаа дулааны төв нь жилд 2130 тонн түүхий нүүрс хэрэглэдэг, 2.8 мВт-ын хүчин чадалтай дөрвөн зуухтай үйл ажиллагаа явуулдаг. Тус төв 36, 109 дүгээр цэцэрлэг, Эрдмийн хөтөч цогцолбор сургууль, Сүхбаатар дүүргийн онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төв зэрэг төрийн байгууллагууд болон хувийн хэвшил нийлсэн 10 гаруй обектод дулаан нийлүүлдэг. Мөн тухайн бүсийн 70 гаруй айл өрхийг дулаанаар хангадаг томоохон төв юм.
Энэ төвийн халаалтын зуухыг Япон технологийн шингэрүүлсэн хийн системд шилжүүлснээр жилийн 2000 гаруй тонн түүхий нүүрсний хэрэглээ зогсож, агаар орчны бохирдол буурна.
Т.УНДРАХБАЯР







Нийгэм








