Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг чөлөөлж, хотыг өнгө үзэмжтэй болгохын тулд өнгөрсөн хавраас зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэж эхэлсэн. Төвийн зургаан дүүрэгт 1400 гаруй ТҮЦ-ийг нүүлгэжээ. Гэвч ТҮЦ-ээ зөвшөөрөлгүй дахин байрлуулж, наймдугаар сард дахин 141 ТҮЦ-ийг нүүлгэсэн. Газрыг чөлөөлж, хүмүүс зорчих талбайг бий болгосон. Өнөөдөр хотын төв зам дагуу, жишээ татахад, бидний мэдэхээр Багшийн дээдээр жагсаж байдаг олон ТҮЦ үгүй болсон. Хэдхэн сарын хугацаанд ТҮЦ нүүлгэх ажил үргэлжилсэн ч үйлчилгээ эрхлэгчид ТҮЦ-ээ хэлбэр хэмжээг нь өөрчилж дахин байршуулах болон түрэмгий байдлаар олон удаа эсэргүүцлээ илэрхийлжээ.
Тиймээс 12 дугаар сарын 27-ны байдлаар удаа дараа хүсэлт тавьсан ч ТҮЦ-ээ нүүлгэхгүй, дахин байршуулж байгаа үйл ажиллагаа эрхлэгчдийн ТҮЦ-ийг нүүлгэсэн байна. Төвийн зургаан дүүрэгт нийт 60 ТҮЦ нүүлгэхээс 27 ТҮЦ-ийг нүүлгэсэн. Таван ТҮЦ эзэн нь өөрөө нүүлгэсэн байна. ТҮЦ нүүлгэх явцад цагдаагийн болон төрийн албан хаагчидтай зүй бусаар харьцах, биед нь халдах, хэл амаар доромжлох, айлган сүрдүүлэх олон тохиолдол гарчээ. Цаашилбал, нүүлгэлтийн машин доогуур орж хэвтэх, амиа хорлоно хэмээн сүрдүүлэх, цагдаагийн албан хаагчийг хазах, самардах гээд хүн ёсны бус үйлдлүүд гаргаж байгаа аж.
ТҮЦ бол нэг талаас хүний амь амьдралаа залгуулах арга хэрэгсэл хэдий ч нөгөө талаас нийгмийн аюулгүй байдалд ч нөлөөлж болохуйц сүлжээ. Зарж борлуулж буй бүтээгдэхүүний хугацаа, чанар, аюулгүй байдалд хяналт тавих боломжгүй. ТҮЦ-ээс салж илүү боловсон үйлчилгээ авах хэрэгцээ, шаардлага 21 дүгээр зууны иргэдэд байна.
АДМИН






Нийгэм









