Dark Light
Нийгэм | 2025-12-29

ЭНЭ ОНД БОЛСОН "ЭГДҮҮЦЭМ" ҮЙЛ ЯВДЛУУД

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зөвийг бал мэт амтархан дэмжиж, бурууд хатгуур мэт байх уриатай манай редакц 2025 оны онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2025 он бахархам, огшоом, онгиром, монгол хүн болсноо мэдрэх олон сайхан үйл явдал болсон. Гэсэн ч сайны хажуугаар саар үйл явдлууд ч нэлээдгүй өрнөлөө. Энэ онд болсон “Эгдүүцэм” үйл явдлуудаар дараах жишээнүүдийг дурдаж байна.

1. Дүнжингаравын ослын нэг жилийн ойн өдрөөр 6 иргэн угаартаж нас барсан

2024 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 01:06 цагт Дүнжингарав худалдааны төвийн уулзварт газ дэлбэрсэн осол гарч, долоон хүний эрдэнэт амь, олон арван хүний эд хөрөнгө, байр орон сууц галд өртсөн харуусалт үйл явдал болсон. Яагаад үүнийг дурсах болов гэхээр энэ хар өдөр нийслэлчүүдийн түүхэнд дахин нэг хараар бичигдэх үйл явдал болсон нь 2025 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө БГД-ийн 22 дугаар хороонд нэг гэр бүлийн хамаарал бүхий зургаан иргэн угаартаж нас барсан. Уг хэрэг явдлыг 2025 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр цэрэгт алба хааж байсан хүү нь мэдээлснээр хэрэг олон нийтэд ил болсон юм.

2. Хойд эцэг нь дагавар хүүхдээ хөнөөсөн хэргүүд гарав

2025 оны есдүгээр сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хоёр настай хүүхэд алга болсон. Хүүхдийг шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, 27 настай эрэгтэй нь дагавар хүүхдээ машин бохирдууллаа гэх шалтгааны улмаас зодож амь насыг нь хохироон цогцсыг нуусан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.

Мөн 2025 оны аравдугаар сарын 20-21-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган суманд 3 настай хүүхэд зодуулсан байдалтай маш хүнд гэмтэлтэй эмнэлэгт хүргэгдсэн байдаг. Эмнэлгийн тусламж яаралтай үзүүлсэн ч хүүхэд өвчнөө даалгүй 21-ний өдрийн 11:00 цагт амьсгал хураасан. Эмнэлгийн байгууллагад хүүхдийг тархиндаа хүнд гэмтэл авсан, элэг бяцралттай хэмээн оношилсон байна. Уг хэрэгт хүүхдийн хойд эцгийг холбогдуулан шалгасны эцэст дагавар хүүхдээ зодсон болох нь тогтоогдсон юм.

3. Хүнд гэмт хэрэг буюу хэрцгий аллага

2025 оны зургадугаар сарын 27-ны өдөр БГД-ийн зургадугаар хороо GEM mаll худалдааны төвд "эмэгтэй хүнийг хутгалж амь насыг хөнөөсөн" гэх хэрэг гарсан. Тус худалдааны төвд лангуу түрээслэгч эмэгтэйг түүний нөхөр Э олон удаа хутгалж хөнөөсөн байдаг.

Уг хэргийн анхан шатны шүүх хурал энэ оны есдүгээр сарын 17-ны өдөр болсон. Энэ өдөр мөн л хүнд гэмт хэрэг болох 32, 16 настай эмэгтэйг хөнөөсөн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, хэрэг мөрдөн байцаалтад буцаад байгаа.

4. Тариалан сум ба сураггүй алга бологсод

Энэ онд сураггүй алга болсон гэх хэргүүд олноор гарсан. Тухайлбал Хөвсгөл аймгийн тариалан сумд 20 хоногийн дотор гурван хүн алга болсон. Үүний нэг нь 2 настай хүүхэд байсан бол хоёр нь 46 настай эмэгтэйчүүд байлаа.

2 настай хүү есдүгээр сарын 17-нд алга болсон. Давхардсан тоогоор 2100 гаруй алба хаагч, иргэд, сайн дурынхан нийлсэн баг хайсан ч 9 хоногийн дараа нас барсан байдалтай олсон байдаг.

Мөн есдүгээр сарын 22-нд 46 настай самарт явсан эмэгтэй алга болсон бол аравдугаар сарын 6-ны өдөр найзынхаа гэрээс гарсан 46 настай эмэгтэй алга болсон. Тухайн хоёр эмэгтэйг одоог хүртэл олоогүй байна.

5. Баячуудын хүүхдүүдийн танхайрал ба гудамжны зодоон

2025 оны долдугаар сарын 19-ний шөнө Хүүхдийн 100 орчимд УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, Лувсандоржийн Алтан-Очир, "Говь" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан нар иргэн Д.Саяннямбуугийн биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэг гарсан.

2025 оны аравдугаар сард Баянмонгол хороолол орчимд 40-50 өсвөр насны хүүхдүүдийг хамарсан зодооны бичлэг цахим орчинд тавигдсан. Зарим нь бороохой барьсан байсан тухай бичлэгийг нийтэлсэн эх сурвалжууд дурдсан байдаг.

Мөн л өнгөрсөн намар тоглоомын талбайд суррон унаж танхайрсан хүүхдүүдийн бичлэгийг иргэн нийтэлж, эцэстээ тэр нь Нэгдүгээр сургуулийн үе тэнгийн дээрэлхэлтийг илчилсэн үйл явдал болсон.

Дорнод аймагт долдугаар сарын 10-ны өдөр байрны гадна талбайд тоглож байсан бага насны хоёр хүүхдийг согтуу хүн хутгалсан хэрэг гарсан. Хэрэгт холбогдсон 52 настай иргэн М-ыг яллагдагчаар татаж, цагдан хориод байгаа.

Гэх мэтээр танхай болон архидан согтуурсан хэргүүд олон бий.

6 Өндрөөс унах ослууд ба гэртээ цоожлогдсон хүүхдүүд

Төв аймгийн Жаргалант суманд гэртээ цоожлогдсон бага насны гурван хүүхэд галд өртсөн харамсалтай хэрэг энэ оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр гарсан.

2025 оны наймдугаар сард бага насны хоёр хүүхэд харгалзах хүнгүй байх үедээ өндрөөс унаж нас барсан хэргийн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. 

2025 оны долдугаар сард 71 настай иргэн мөн л өндрөөс унаж нас барсан хэрэг Ховд аймагт бүртгэгдсэн.

Гэх мэтээр зөвхөн энэ оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн байдлаар өндрөөс унасан 48 осол бүртгэгдсэн талаар онцгой байдлын байгууллага, Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21