Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 114 жилийн ойг тохиолдуулан 2025 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгч, Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаярыг Монгол Улсын Гавьяат хуульч цолоор шагналаа.
Монгол Улсын Гавьяат хуульч цол гардаж авсан Ч.Хосбаярыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг болон Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн танхимын шүүгч нар, Тамгын газрын дарга С.Заяадэлгэр тэргүүтэй албан хаагчид баяр хүргэж, хүндэтгэл үзүүлсэн юм.

Гавьяат хуульч Ч.Хосбаяр нь шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Авлигын эсрэг хууль зэрэг салбар эрх зүйн хууль тогтоомж, журам, аргачлалыг боловсронгуй болгох ажлын хэсгийн ахлагч, гишүүнээр идэвх санаачилгатай ажиллаж байна.
Түүний эрх зүйн докторын зэрэг хамгаалсан “Авлигын эсрэг олон улсын гэрээг Монгол Улсын эрүүгийн шүүхэд хэрэглэх онол, арга зүйн үндсэн асуудал” сэдэвт диссертац болон Олон улсын гэрээг тайлбарлах аргачилсан журам, зөвлөмжийн гарын авлага зэрэг нь судлаач, оюутан суралцагчдад эрүүгийн процессын эрх зүйн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил туурвих, тухайн чиглэлээр мэргэжлийн арга зүйгээр хангах онол практикийн тулгуур бүтээл болсон билээ.
АДМИН







Нийгэм








