Dark Light
Нийгэм | 2025-12-30

Д.ОДЗАЯА: БИД ХОЁР ХАРЦААРАА Л ОЙЛГОЛЦДОГ

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image
Нэгэн зүгт хамтлагийн дуучин С.Ариунзаяа, нэвтрүүлэгч, хөтлөгч Д.Одзаяа нартай ярилцлаа. 
2025 он хэрхэн өнгөрсөн бэ? Амьдралд гарсан өөрчлөлтүүдээсээ хуваалцвал?
Д.Одзаяа: Энэ жилийн хамгийн том ажил бүл нэмсэн. Хүүхэдтэй болоод ачаалал нэмэгдсэн. Нэг, хоёр хүүхэд ялгаагүй гэж хүмүүс ярьдаг ч маш их ялгаа гарсан. Нялх хүүхэдтэй байгаагүй 7 жил болчихоор шинэ аав ээж шиг төсөөрдөг, бүх юмаа шинээр эхэлдэг юм байна.
С.Ариунзаяа: Анх аав ээж болоод чанга байсан үе байгаа, яах аа ойлгохгүй. Одоо нялх хүүхэдтэй болсон чинь хоёр хүүхэд харах амархан санагдаад байгаа.
Анх яаж танилцаж байсан бэ? Хэр хугацааг хамт өнгөрүүлсэн бэ?
Д.Одзаяа: Оюутан болсон жилдээ буюу 1-р курстээ клипэнд нь тоглоод танилцаж байсан. 
С.Ариунзаяа: 18, 19 жил болсон байна. Танилцаад хүүхэдтэй болсон бол оюутан болоод явчихаар хэмжээний том хүүхэдтэй болчихсон байх байж. Хосууд бие биеэ таних нь чухал гэж боддог. Дор хаяж 2-3 жил, их юм болно, бие биедээ тунина, гомдоно, эвлэрнэ гээд амьдралд туршилт хэрэгтэй бие биеэ таньж байж үр хүүхэдтэй болох ёстой гэж эхнэртээ их хэлдэг байлаа.
Д.Одзаяа: Эмэгтэй хүн эрэгтэйгээ гуйлгаж, гүйлгэх нь зөв юм шиг санагддаг. Хүн болгоны бодол өөр байх. Эрэгтэй хүний хойноос гүйж байгаад авч суусан гэхээр сонин байдаг, суучихсан сайхан амьдарч байгаа амьдрал бас өөр л дөө. Манай хүн хүүхдүүддээ ээж чинь араас гүйж байгаад суучихсан гэж ярих дуртай.
Ажил, карьерын хувьд хэр ололт амжилттай жил болж өнгөрсөн бэ?
С.Ариунзаяа: Гаднын тоглолтуудыг үзэж байхад том газар тоглолтоо хийж үзэх  мөрөөдлөө дагаад дөрвөн хамтлагаа нийлүүлээд all in hit тоглолтоо хийсэн. Үнэхээр хүсэж мөрөөдөж байсан зүйлээ хийсэн, маш их баяртай байгаа. Ирэх жил гоё ажлуудыг төлөвлөсөн байгаа. 
Д.Одзаяа: Би телевиз үздэггүй, зурагтаа ч бараг асааж чаддаггүй. 10 гаруй жил ажлаа хийсэн учраас одоо завсарлага авчихсан байгаа үе таалагдаж байгаа. Ээжийнхээ ажилд цаг гаргаж байгаадаа таатай байна. Хувийн бизнесээ эхлүүлчихсэн, маш их зүйл суралцаад явж байгаа. Энэ процесс надад их сонирхолтой байгаа. 
С.Ариунзаяа: Үндэсний телевиз бол одзаяагийн овоглож явдаг газар. Яваандаа 40 гараад дектор хийвэл гоё, чамд маш гоё зохидог гэж хэлдэг. Анх хараад нэг дурласан, телевизийн эфирээр хараад нэг дурласан. Дөрвүүлээ хүүхдүүдтэйгээ сууж байгаад ээжийг нь үзэх гоё. Ар гэрийг нь авч үлддэг хүний хувьд, ажил нь маш хариуцлагатай ажил. Анхны хүүхдээ төрүүлээд зургаан сартайдаа ажилдаа орсон. 
Хүүхдүүдээ яаж хүмүүжүүлдэг вэ? Уншигчдад маань туршлагаасаа хуваалцвал..
Д.Одзаяа: Өмнө нь хүүхдүүдээ яаж хүмүүжүүлэх үү, ингэмээр байна, тэгмээр байна гэж их боддог байлаа. Манай дунд хүү аавыгаа баатар гэж боддог. Аав нь юу ярина, юу өмсөж зүүнэ бүх юмыг нь дуурайдаг. Аав нь надад цай аяглаж өгвөл, хүү надад бас цай аяглаж өгдөг жишээтэй. Бид нар тоглоод сармагчин шиг дуурайдаг гэдэг. Эндээс би хүүхдийг хүмүүжүүлэх шаардлагагүй, өөрсдийгөө л хүмүүжүүлэх шаардлагатай юм байна гэж ойлгож авсан. Өөрсдөө л хүүхдүүдийнхээ хажууд байхдаа зөв үлгэр дуурайлал үзүүлэх хэрэгтэй, юу харж байна тэгж л хүмүүждэг. Биднээс гадна сургууль, хамт олон, найз нөхөд гэх хүрээлэл байгаа ч үндсэн том хүмүүжлийг гэр бүлээсээ авдаг. Хүүхдүүддээ гар утсыг дээд тал нь 30 минут л үзүүлдэг. 
С.Ариунзаяа: Хүүхдийг урамшуулах нь зөв. Хүмүүс хүүхдэдээ утас зүгээр л өгчихдөг, утас нь асаалттай унтаад өгдөг. Миний хүү утсаа үзэхийн тулд хичээлээ давтсан байх хэрэгтэй, идсэн аяга тавгаа угаах хэрэгтэй гэх мэт зорилго өгөхөөр хүүхдүүд тэрийгээ хийчихлээ одоо 30 минут авч болох уу гээд зөвшөөрөл аваад сурчихдаг. Анхнаас нь сургачихвал хүүхэд дасчихдаг.
Сошиал дээр бие биедээ гэнэтийн бэлэг их барьдаг харагддаг, нөхрийн хувьд хэр мэдрэмжтэй хүн бэ?
С.Ариунзаяа: Би тийм их гэнэтийн бэлэг барьдаг хүн байгаагүй. Ер нь хөлдүү төмс талдаа байсан. Гэтэл энэ хүн намайг ичтэл гэнэтийн бэлэг бариад, тэгээд би бодож байгаа юм. Бага багаар явсаар энэ хүнээ дагуулахаа больсон шүү дээ. Заавал баяр болгоноор гэнэтийн бэлэг барих биш, энгийн өдрийг ч баярын өдөр шиг болгож болно гэж манай хүн хэлдэг. Том гэлтгүй дуртай юмыг нь бариад орохоор баярладаг эмоцид нь урамшаад ингэвэл, тэгвэл гоё юм байна гэсээр байгаад том бэлэг барьдаг болсон. Би амьдрал дээр их хөдөлгөөнтэй хүн, сюрприз талдаа төмс байсан юм байна лээ. 
Д.Одзаяа: Цэцэг, бэлэгт дургүй эмэгтэй гэж байхгүй. Хэлэхгүй хүлээдэг, тэгж байж гэнэтийн байдаг. Эхлээд би ийм юм авмаар байна гээд шууд хэлчихдэг байсан. Бэлэглэж байгаа юм нь санаанд нийцэхгүй, сюрприз барьдаггүй байсан. Энэ явцын дунд хөлдүү байхаа болиод гэсэж байгаа.
Шинэ оноо гэр бүлээрээ хэрхэн гаргадаг вэ?
С.Ариунзаяа: Шинэ оноо гурван жил орчим гадаадад гаргасан. Фукуок дээр гишгэсэн хамгийн анхны монгол хүн. Тэрнээс хойш монголын 22 дахь аймаг болтол нь хөгжүүлсэн. Анх удаа тавуулаа, нялхтайгаа энэ онд бас гадаадад гаргана. 
Үл ойлголцох, муудалцах үедээ ямар арга хэмжээ авдаг вэ?
С.Ариунзаяа: Амьдрал дээр тохиолдсон гэр бүлийн асуудлаа шууд гар утсаа гаргаж ирээд лайв хийдэг хүмүүс байдаг. Олгой хагаравч тогоон дотроо гэдэг шиг хоорондоо ярилцах хэрэгтэй. 
Д.Одзаяа: Бид хоёр сошиал дээр нээлттэй байдаг ч, нууц юмнуудаа нууц байлгадаг. Хувийн амьдрал хувийнхаараа л байх ёстой. 
Д.Одзаяа: Бид хоёр нялуун талын хүмүүс, их яриасаг. Үйл ойлголцсон, муудалцсан үедээ хоёр гурван цагаар яриад суучихдаг учраас бие биеэ сайн ойлгодог. Юунаас болсон, яагаад тэгсэн гэдгээ учир шалтгааныг олохын тулд маш их ярилцдаг. Ярилцсан алдаагаа давтахгүй байхыг хичээдэг. Тэр асуудлаа цэг тавиад, учир шалтгааныг нь олчихсон учраас ахин дахин сөхөөд чи тэгсэн ингэсэн гэдэггүй. Одоо бид хоёр харцаараа л ойлголцдог. 
С.Ариунзаяа: Хүүхдүүд ээжийг нь яаж хайрлаж байна гэдгийг хардаг. Аль болох л бие биедээ гоё үг хэлэх, ярилцах, хайраа илэрхийлэх тал дээр шууд хэлдэг. Хүндэлдэг, заримдаа ичдэг. Хайртай, хүндэлдэг болохоор бие биеэсээ ичих, танилцаад удаагүй юм шиг мэдрэмж гарч ирдэг. 
Олон жил хамт байсан, үлгэр жишээ хосуудын хувьд хосын харилцаанд анхаарах зүйлс юу байдаг бол?
Д.Одзаяа: Хүмүүс хүүхдийнхээ хажууд үнсэлцэхгүй гэдэг мөртөө ичихгүй хэрэлддэг. Тэрний оронд аав ээж нь бие биеэ хайрлаж хүндэлж байгаагаа харуулах нь илүү дээр, үнсэлцсэн ч яадаг юм гэж боддог. Хүндлэл байхгүй газар хайр байхгүй. Нөхөр нь эхнэрээ үгийн муухайгаар хараадаг гэх мэт хүндлэлгүй харилцаанд хайр байхгүй гэж боддог. Хүндлэлийн орон зайгаа үргэлж хадгалахыг хичээгээрэй. Хүндлэл байгаа цагт хүн өөрийгөө засъя, хичээе гэдэг хичээл зүтгэл байдаг юм шиг санагддаг.
С.Ариунзаяа: Танай тал, манай тал гэж орох нь хэтэрхий эмзэг сэдэв байж магадгүй. Манай хүн анхнаасаа надад танай, манай гэж байхгүй шүү гэж хэлж байсан. Асуудал үүсвэл хоорондоо л шийдвэрээ гаргах хэрэгтэй. Гэмгүй байгаа аав ээж хамаатан саднаа оруулж ирэх нь утгагүй. Ингэж ярьдгийг амьдралаасаа бүр аваад хаях ёстой юм шиг санагдсан.
Д.Одзаяа: Өмнөх алдаа дутагдлаа тухайн үед нь дуусгах хэрэгтэй. Асуудлаа шийдсэн ч сэтгэл дотроо юмтай үлдчихээд буглаад байх биш, бүх юмаа уйлаад, дуулаад, ярилцаад гаргачих хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн ихэнх нь чи тэгдэг байсан биз дээ гэх мэт өмнөхийг нь их сөхдөг, ямар ч шаардлагагүй.
С.Ариунзаяа: Манай 10 жилийн найз, оюутны найзуудын уулзалт гээд ганц ганцаараа тусдаа гарах юм бол алкохолны төрлийн зүйл хэрэглэнэ, гадуур хонохоос болоод бие биедээ итгэхгүй маргаан үүсдэг учраас зарим найзуудыг золиослох нь зөв юм шиг санагдсан. Би их олон найзтай байсан сүүлдээ цөөхөн болчихсон байсан. Гэхдээ зөв байсан юм байна, цаг хугацаагаа дэмий өнгөрүүлж байсан байна гэж бодох үе байгаа.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21