Dark Light
Нийгэм | 2025-12-31

“ТҮС ТАС” 2025 ОНЫ ХОШИН ОНЦЛОХ ТОЙМ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улиран одож буй 2025 он улс төр, эдийн засаг доргио донсолгоо ихтэй, урлаг спортынхон дориун дорвитой амжилт олонтой жил байлаа. Нэг хүнд ноогдох дотоодын нийт шилдэг, шилдгийн шилдгийн тоогоор дэлхийд цолгорсон бөмбөрцгийн шилдэг улсаар өөрсдийгөө тодрууллаа. Ингээд оны шилдгүүдээ тодруулан нэрлэсэн, “Түс тас” хийсэн, түмпэн шанага хангинасан 2025 оны хошин тоймыг танилцуулж байна.

Оны уухай: Дайчид мориндоо

Урлаг спортынхон улс орноо дэлхийн чихнээ цуурайтуулсан он байлаа. Их Чингис хааны гал голомтыг сахин суугаа Монголын үр сад эрхэмсэг сэрэг дүрийнх нь өмнө, улсынхаа Төв талбайд дэлхийн аваргад үзүүрлэлээ. Дэлхийн шилдэг Америк, Герман, Хятад Польшчуудыг буулган авлаа. 

Улсын арслан Б.Орхонбаяр тэргүүтэй монгол охид хөвгүүд, тэсвэр тэвчээр, хүч чадлаараа Физикал Азиа шоунд гайхуулж, орон орны үзэгчдийг дагуулж, улс улсын ододтой цуг эх орноо сурталчиллаа. “Дайчид мориндоо” гэдэг үг монголоороо дэлхийн сошиалд түгж, 20-р зуунд төрсөн байтлаа 13-р зуунд зурсан юм шиг Б.Энх-Оргил One холбооны аваргын бүсийг авлаа. Э.Цэндбаатар мэргэжлийн боксын дэвжээнд ялагдашгүй цувралаа үргэлжлүүллээ. Цахим спортын Counter Strike The MongolZ баг дэлхийн чансааг тэргүүлсэн Азийн анхны баг боллоо. Хүч тамир, шатар даам, оюун ухааны спортоор монгол охид хөвгүүд сор болон гялалзлаа.   

Оны улс төрч: Е.Чингис, С.Зориг

Амьд улс төрчдийн дунд алдар нэртэй хүн байхгүй хэвээрээ тул Хэнтий аймгийн Дадал сумын харьяат, Их Монгол Улсын эзэн хаан албан тушаалтай Е.Чингис, Дорнод аймгийн уугуул Зэм тээврийн сайд, УИХ-ын гишүүн агсан Санжаасүрэнгийн Зориг нар оны улс төрчөөр нэрлэгдлээ. “Иргэн баян бол улс баян” гэж 100 гаруй жилийн тэртээ одоогийн улс төрчдийн орой руу орохгүй ч онигоонд ортол нь хэлсэн МАН-ын анхны дарга С.Данзан, “улсын эрх бол иргэний эрх” хэмээн үндэсний сэхээтэн Жамсрангийн Цэвээн нарын он цаг улиравч улам өнгө орох үзэл санаа нь амьд хэвээрээ байна. 

Оны бэлэг:  Мяу мяу

Ерөнхий сайдыг огцруулах хүчтэй бэлгийн дарамт, бэрийн гайхуулсан эд зүйл 17 саяын Солитэйр бөгж, 17 саяын Миу миу хувцас, 18 саяын chanel цүнх оны бэлгээр тодорлоо. Бэлгийг хүргэн болох О.Тэмүүлэн биш дүүргийн Нийгмийн даатгалын ажилтан Ариунаа гэдэг ээж нь охиндоо цалингаараа бэлэглэсэн гэж АТГ тоглосон шинжгүй тогтоолоо. Л.Оюун-Эрдэнийн хүү сүйт бүсгүйдээ хашаа байшинд амьдардаг хадам ээжийнхээ бэнчнээр бөгж, цүнх, хувцас, өвчний группэд байдаг хадам аавынхаа хуучин кабелийн утас зарсан орлогоор Бенз Майб, Лексус, Сингапур, Сэвэн нуга амралтын газарт авга ахынхаа компанийн ашиг, түрээсийн онгоцоор аялуулсан, өөрөө юу ч бэлэглээгүй ч өгөөмөр их бэлэг өгсөн сүйхээтэй супер хүргэн юм. Ганц бөгжнөөс болж Засгийн газар уналаа гэдэг ч брэнд бэлгийн багц биш chanel цүнх ганцыг авсан Солонгосын тэргүүн хатагтай 15 жилийн ял сонсоод байна.  

Оны уналт: Л.Оюун-Эрдэнэ огцорлоо

Бэрийн брэндүүдээр хийсэн бэрсийн нүүдэл, бэрх юм болж, Л.Оюун-Эрдэнийн орлого нь биш зарлага нь нотлогдоод, Засгийн газар амаргүй гэж хэлсээр амархан огцорлоо. Орлогоо нотолж чадахгүй бол хатуу хариуцлага тооцно гэж Л.Оюун-Эрдэнэ өөрөө ёс зүйн төсөөллийн өндөрлөгт хөвж байхдаа ёр билгээрээ зөгнөн хэлсэн. Баян орны Ерөнхий сайд зарлагаа нотлоод ядуу байх боломжтой, харин ядуу улсын Ерөнхий сайд орлогоо нотолж байж баян байх боломжтой юм.  Өнөөдөр дэлхийд байхаа больсон Бэрс сургуулийг дэлхийд байхгүй сонгодог утга зохиолч мэргэжлээр төгссөн, Л.Оюун-Эрдэнэ 400 сая жуулчин авчрахаар 4 жил хагас ажиллаад ийнхүү огцорлоо. Нүүрсний үнэ өндөр байсан ч анх засаг авахад нь байсан 914 мянган ядуу хүн 940 мянга болж өсөж, шударга ёсны төлөө 5Ш ээр тэмцсээр байгаад авлигын индексээр ердөө 11 байр ухарсан зүгээр л төсөөлөл юм. Татвар төлөгчид нь гэмтэн шиг биш, татвар зарцуулагчид нь 85 саяын цагтай тэрбумтан шиг болсон цагт тамхины иш хаяад 50 саяар торгуулдаг улс болох юм.

Оны муу бүтээгдэхүүн: Нүүрс, зэс, газрын ховор, уран

Улсаараа нүүрсээ муулангаа түүгээр амьдарч,  цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгөө тавьдгаараа тавилаа. Сүүлийн 3 жилд нүүрсний үнэ 4 дахин унасан ч өөр зарах юм бага тул өнөө муу нүүрсээ муулан муулан зөөж, олсон хэдэн цаасаар нь аж төрцгөөж байна. Уул уурхайг үзэн ядангаа “Хайртай бол хартай, хартай бол хайртай” маягаар ханилан сууж, хамтран амьдарч байна. Араас нь төрийн ордныг барьсан боржин чулуу, банана жимс, гар утас, эмнэлгийн тоног төхөөрөмжид байж байдаг уранаас урьдчилж айх хөдөлгөөн өрнөж байна. Уран гоёл, уран хатгамал, уран зүү, Уранцэцэг, Уранчимэгийг хүртэл уранаа болихыг троллдон шаардлаа. Ураны гэрээг Оюутолгойн гэрээ шиг өөрсдөө хөрөнгө мөнгө гаргаж, 34 хувийг нь эзэмших гээд өр үүсгэлгүй, орлогоос нь шууд АМНАТ авахаар хийсэн. Гар утас бүхэнд ордог газрын ховроор саак Сараа, фаак Нараа зэрэг галзуу одод төрж гар утсаараа лайвдаж байна. Найман нэрийн дэлгүүр олонтой ч өөрөө 2 нэрийн дэлгүүр шиг дэлхийд ганцхан Монгол юм. 

Оны холболт:

Зах зээл нь урд байхад замаа хойшоо тавьцгаая аа, нүүрсээ зарах замаар зөрөөд танк ороод ирнэ ээ гэх мэтээр 17 жил хэрэлдэж, 100 гаруй тэрбум долларын орлогоо тавиад туусны дараа Гашуунсухайт-Ганцмодны боомтыг өргөн, нарийн царигийг холбохоор боллоо. Хувийн компани өөрсдөө нарийн царигаар бариад, хувь, хувьсгалын нүүрсээ үнэтэй байгаа дээр нь хурдан, хямдхан тээвэрлэсэн бол 100 тэрбум доллароор цалин тэтгэврээ нэмж,сургууль цэцэрлэг, зам гүүр, цахилгаан станц барих байлаа. Эцэст нь Харбины нууц гэрээгээр 5 хувийн хямдралтай авъя гэж хятадууд өөрсдөө хэлж байхад нь 50 хувийн хар баасан гарагийн их хямдрал зарлаж, 250 сая тонн нүүрс бартердлаа. Гашуунсухайт-Ганцмодыг холбосноор нүүрсний экспорт 83 саяас 165 сая тонн болж, орлого нь 1.5 тэрбум доллароор өсөх тооцоотой. 

Оны хэрүүл: Гэр, нам, төрийн хэрэг 

Гэрийн хэрэг намын хэрэг, намын хэрэг төрийн хэрэг болж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүний хоёр нь нэг өдөр огцорлоо. Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар Бага хурал дээрээ өрсөлдөж, хэн нь ч дүрэмд заасан гуравны хоёрын саналын босгыг давалгүй бүдэрч, барьц тавилцаж хоносоор жаварт жаран өдөр ноцолдлоо. УИХ дахь МАН-ын бүлэг 38:30-аар хоёр хуваагдаж, мэнэртлээ озолддог  байдлаас манартлаа зодолддог төлөвт шилжлээ. 

Эцсийн эцэст Ерөнхий сайдыг УИХ-ын 64 гишүүний саналаар биш танхимд байгаагүй 19 гишүүний хуруу нь биеэс нь салж ирээд товчлуур дарсан болгосон, “Дэмжээгүй дэмжье” санал хураалт Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц үзлээ. Уул усны нэртэй хувийн сургуулийн голдуу хуулийн анги төгссөн УИХ-ын гишүүд хөх тэнгэртэй хэсэг хэрэлдэж үзсэн ч Ерөнхий сайдын бүрэн эрх сэргэлээ. 2025 он Баянхонгорынхон улсын наадамд ч, улс төрд ч унаж яваад босож ирсэн жил байлаа.   

Оны үзүүлбэр: Японы хааны тольдсон хөгжлийн бэрхшээлтэй тогоруу 

Японы эзэн хаан Нарүхито, хатан Масако нар Монголд айлчлав. Ерээд оны хүнд хэцүү цаг үеэс нана сүүнээс эхлээд цэнхэр Ниссан автобус гэх мэт Монголд хамгийн их тусламж үзүүлсэн, гуравдагч хөршийн хамгийн гол төлөөлөл Японы хаан Монголд айлчилсан нь хоёр орны харилцаанд түүхэн үйл явдал болов. Цэн тогорууны эх орон Наран улсын хааны нүдний өмнө хөгжлийн бэрхшээлтэй тогоруу, хатирдаг төгөлдөр хуур, гэрийнхээ тооноор дугуй хийсэн, гахай явган нохой нүцгэн хүн тэрэгчин хятад шиг монгол эр, өрх толгойлсон ээжтэйгээ яваа гэх мэт хачин сонин үзүүлбэрээс бусдаар айлчлал найрсаг сайхан болов.  

Оны концертууд:  Дэлхийн Ардын жүжигчид, Азийн Соёлын тэргүүний ажилтнууд Монголд

Солонгосын гавьяат жүжигчин Hwasa, Алтангадас одонт Bigbang, T Ara хамтлаг, Казахстаны СТА Адам нар Монголд тоглов. Америкийн Ардын жүжигчин алдарт YouTuber, хүндэт стримэр IshowSpeed-ийг монголчууд төдийлөн тоогоогүй ч youtube сувгаар дэлхий даяар шууд дамжуулсан. Тамгагүй төрийн 20 сая долларыг тамгатай боловч хууль бус нууц Фуллхэм багийн бэлтгэлийн хувцсан дээр бичиг хадуулсан Номингийн шүүхэд дуудагдсан гэрээ биш хувийн компани, тамирчдын хичээл зүтгэл улс орноо сурталчлав. 

Оны залуу улс төрч: Н.Учрал 

Улс төрийн “Хаврын 17 учрал” олон ангит кино явсаар 17 Учрал болж, Учрал ерэн оноос хойших УИХ, МАН-ын хамгийн залуу даргаар сонгогдов. УИХ-ын Хаврын чуулган 3-р сарын 17-нд эхэлж, Учрал 17 чингэлэг спиртийн хэргийн эзэн Женко Х.Баттулгын Төгрөг нуурын ордыг Доллар нуурын орд болгож, 250 сая долларын хэргийг 17 кг баримт гаргаж ирэн сөхсөнөөр энэ бүхэн эхэлсэн. 17 саяын алмаазан бөгж, 17 саяын chanel цүнх  зэрэг бэрийнхээ бэлгийн орлогыг нотлоогүй Л.Оюун-Эрдэнэ унаж, 6-р сарын 17-нд Г.Занданшатарын Засгийн газар МАН-аас 17 сайдтайгаар бүрдлээ. 10-р сарын 17-нд Занданшатарын Засгийн газрын бүрэн эрх сэргэж, 11-р сарын 17-нд шилжих шөнө Н.Учрал Монгол Ардын намын даргаар сонгогдож, улмаар УИХ-ын дарга болов. Н.Учрал “Ардын нам ард түмэндээ эргэн ирнэ” гэж гэсэн үгээрээ ардын нам ард түмнээсээ тасраад явчихсаныг хүлээн зөвшөөрөв. Ардын нам ард түмэндээ эргэн ирж чадах уу, ирвэл ямар замаар яаж буцаж харьж ирэх юм бэ гэдгийг ард түмэн хэрсүү гярхай эргэлзэж тээнэгэлзэн харж байна.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21