2026 оны 01 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна.
Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, Завханы зүүн, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Баян–Өлгийн нутаг, Ховд, Говь–Алтай, Баянхонгорын баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дундаас эхлэн ихэнх нутгаар хүйтний эрч нэлээд чангарч олон жилийн дунджаас 2–4°С-аар хүйтэн байна. Харин гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч суларч, олон жилийн дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх төлөвтэй байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн зарим хугацаанд ихэнх нутгаар цас орж, зарим газраар салхи ширүүсэж, цасан шуурга шуурч болзошгүй байна.
Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Өвөрхангайн өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас хүйтэн, хур тунадас Төв аймгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаа, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд хүйтний эрч чангарч, ихэнх нутгаар олон жилийн дунджаас 2–4°С -аар хүйтэн байна. Харин гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна. Нэг болон гуравдугаар арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, зарим газраар салхи ширүүсэж, цасан шуурга шуурч болзошгүй байна.
Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард нийт нутгаар агаарын дундаж температур олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ахиу байх төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар хүйтэн жиндүү байх бөгөөд нэг болон хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаа, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд олон жилийн дунджаас 2-5°С-аар хүйтэн байна. Харин гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч суларч, олон жилийн дунджаас бага зэрэг дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар цас орж, зарим газраар салхи ширүүсэж, цасан шуурга шуурч болзошгүй байна.
Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлээр олон жилийн дунджаас бага зэргийн дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаа, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд хүйтний эрч чангарч, ихэнх нутгаар олон жилийн дунджаас 2-4°С-аар хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бага зэргийн цас орж, салхи шуургатай, зарим газраар цасан шуурга шуурч болзошгүй байна.
ЗӨВЛӨМЖ
Энэ сард агаарын дундаж температур нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн зүүн хагаст, мөн нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаа болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар хүйтэн жиндүү, салхи шуургатай, тогтворгүй цаг агаар зонхилох тул хол замд гарахдаа богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг байнга авч ашиглаж, анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.