Монголын төмөр замчид, төмөр замын салбарынхан өнөөдөр түүхийн хуудаснаа тод томруунаар бичигдэн үлдсэн нэгэн чухал өдрийг угтаж байна. Энэ өдөр буюу 1956 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр манай улс Ази, Европыг холбосон төмөр замын гарцыг нээж, БНХАУ-аас анхны суудлын галт тэрэг Замын-Үүдийн боомтоор нэвтэрсэн түүхэн өдөр тохиож байна.
Түүх сөхвөл, тэртээх 1949 онд “УБТЗ” ХНН байгуулах түүхэн хэлэлцээрт гарын үсэг зурж, Улаанбаатар-Наушик хоорондох ган зам ашиглалтад орсноор манай яруу алдарт төмөр замчдын хөгжлийн түүх эхэлсэн байдаг.
1952 оны 09 сарын 15-ны өдөр БНМАУ, ЗСБНХУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр Улаанбаатар-Замын-Үүд, Жининий хооронд төмөр зам барихаар тохиролцсон байдаг. Энэ төмөр замын бүтээн байгуулалтыг дуусгаснаар гурван улсын хооронд төмөр замын шууд харилцаа 1956 оны 01 сарын 01-нд нээгдсэн хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.
Ийнхүү 1956 оны 01 сарын 03-нд буюу энэ өдөр БНХАУ тай холбогдож хоёр хөршийн худалдааны харилцаанд транзит тээврийн үүрэг гүйцэтгэдэг чухал суваг болжээ. Түүхт 70 жилийн ойгоо ажил хөдөлмөрийн өндөр амжилтаар угтаж буй УБТЗ-ын хамт олон, инженер, техникийн ажилтнууд, нийт төмөр замчиддаа шинэ оны баярын мэндийг хүргэж, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсье!

Т.УНДРАХБАЯР








Нийгэм




