Цагдаагийн байгууллагад 2026 оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн 23:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 хорооны нутаг Дунд дарь эх гэх газарт “манай эхнэр нас барсан байна” гэх мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад 30 настай эмэгтэй М, 4 настай эмэгтэй А, 3 настай эмэгтэй А нарын биед мэс ашиглан халдаж, 30 настай М, 4 настай А нарын амь нас хохирсон болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна. Дээрх хэрэгт цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг байгуулан иргэн 48 настай эрэгтэй Б-г холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулж байна гэх мэдээллийг өчигдөр цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.
Уг хэргийн мөрөөр сурвалжиллаа.
Цагдаагийн мэдээлэлд БЗД-ийн 27 хорооны нутаг дэвсгэр гэсэн ч БЗД-ийн 27 хорооноос тодруулахад “Уг үйл явдал БЗД-ийн хоёрдугаар хороонд болсон. Манай хорооны бүс нутаг биш” гэсэн хариултыг өгсөн юм. Ингээд БЗД-ийн хоёрдугаар хороог зорин очлоо.
Бидний хэлж заншсанаар Сансрын колонкоор дээш өгсөх зам руу ороод 150 метр гаруй явахад БЗД 2-р хороо гэсэн самбар байх аж. Түүнийг дагаж эргээд 100-гаад метр яваад гэр хороолол дунд хоёрдугаар хорооны байр байв.
Хороо руу орж Нийгмийн ажилтан Г.Дэлгэрсайханаас тодрууллаа.
Өчигдөр цагдаагийн байгууллагаас танай хорооны нутаг дэвсгэр болсон онц ноцтой хэргийн талаар мэдээлсэн. Та дуулсан байх?
Дуулсан. Цагдаагаас ирээд мэдүүлэг аваад явсан. Шалгаж байгаа хэрэг тул хамаагүй мэдээлэл өгч болохгүй тухай хэлсэн.
Та тэр айлын хүмүүсийг таних уу?
Цагдаагаас тэр тухай мэдээлэл өгч болохгүй гэсэн.
Тухайн хэрэг үйлдсэн 48 настай эрэгтэйг сэтгэцийн өөрчлөлттэй гэх мэдээлэл яваад байна. Энэ талаар мэдээлж болох уу. Эмнэлгийн хяналтад байсан уу?
Түүнийг эмнэлгийн байгууллагаас л тодруулах байх. Хяналтад байсан үгүйг бид мэдэхгүй.
Тэрхүү хоёр айл танай хороонд хэдэн жил амьдарч байгаа юм бол?
Тэр тухай ч ярьж болохгүй гэсэн.
Хорооны нийгмийн ажилтан ийм хариулт өгөөд тухайн айлын хаягийг зааж болохгүй гэсэн юм. Хорооны гадна 60 орчим насны эхнэр, нөхөр бололтой хоёр хүн алхаж явав. Тэр хоёр хүнээс хэрэг явдлыг сонссон талаар лавлахад “Айхавтар онц ноцтой хэрэг гарсан байна лээ. Хойш нэг буудал яваад Дунд буудлын дээшээ өгсөөд гэж сонссон. Ийм ч аймшигтай юм дуулдах гэж дээ хүү минь” гээд нүднээс урсах нулимсаа алчуур гарган арчив. “Ийм аймар юм сонсохоор хөгшин настай бидний нулимс урсдаг болж дээ” хэмээн настан хажуугаас нь нэмэрлэв.
Тэдний заасан замаар дээш өгслөө. Тэр хавийн хүмүүс болов уу гэмээр 4-5 хүн явж байлаа. Тэднээс хэрэг явдлын талаар тодруулахад 50 гаруй насны эмэгтэй “Энэ замаа дагаад дээш нэлээд өгсөнө. Дахиад урагшаа эргэсэн гудамж ороогоод л байдаг айл юм байна лээ. Би энэ хороонд насаараа амьдарч байгаа. Тэр хэрэг үйлдсэн гэх хүн манай хороонд олон жил амьдарч байгаа гэхэд ер танихгүй хүн байна лээ шүү дээ. Ер нь яаж ч бодсон төрөх дөхсөн эмэгтэйг нялх хүүхэдтэй тийм харгисаар алчихна гэдэг эрүүл хүний хийх ажил биш байх. Ёстой нүгэлтэй юм” хэмээн халагласаар цааш алхлаа. Түүний заасан замаар дээш өгсөөд гудамж ороогоод ортол тууз татсан гудамж байх нь харагдлаа. Цааш лавшруулан харвал онгорхой хашааг мөн тууз татаж цагдаагийн байгууллагаас хамгаалалтад авчээ. Хэрэг үйлдэгдсэн газар нь энд ажээ. Нэлээд ажин зогстол цагдаа хүрч ирээд хамгаалалтад авсан тул нэвтрэх боломжгүйг сануулав.
Урд талын хашаанд нэгэн ахимаг насны эрэгтэй мод хагалаад зогсож байлаа.Түүнээс цөөн хэдэн асуултад хариулт авлаа.
Танайх энэ хорооны уугуул айл уу?
Үгүй, үгүй. Манайх энд ирээд гурван сар л болж байгаа.
Та хойд талын айлд болсон явдлыг дуулсан байх?
Харин аймшигтай зүйл сонсогдсон. Хэдэн жаахан хүүхдүүд л тоглоод гүйж байдаг харагддаг байсан юм. Ийм айхавтар зүйл болох гэж дээ.
Хоёр айлынхантай та танилцаж амжаагүй байсан уу?
Ганц нэг таарахдаа мэнд устай зөрдөг байсан юм. Сайн танихгүй.
Хэрэг үйлдсэн гэх эрэгтэй хэдүүлээ амьдардаг байсан тухай мэдэх үү?
Ганцаараа.
Өөр хүн цуг байдаггүй байсан юм уу?
Байдаггүй. Ганцаараа л орж гарч харагддаг байсан.
Сэтгэцийн өөрчлөлттэй гэх мэдээлэл яваад байна. Танд тийм зүйл ажиглагдсан уу?
Ёстой тийм зүйл мэдэгдээгүй. Ганцаараа амьдардаг зожиг байрын хүн л байх шиг санагддаг байсан. Өөр ч юм мэдэгдээгүй л дээ.
Хохирогчийн нөхрийг таних уу?
Онцгой байдлын агаарын хүчинд ажилладаг гэж байсан. Өөр ч нэг их зүйл мэдэхгүй дээ.
Хэрэг явдал гарсан газрыг ажиглахад уулын орой хэсэгт ойр ойрхон хашаа, гэр, байшин нь байрлажээ. Хэргийг үйлдсэн этгээдийн цонх яг хохирогчийн гэр рүү харсан байрлалтай. Мөн өгсүүр дээрээс бүхнийг ажиглаад сууж байх боломжтой байршилд байсан нь нүдэнд туслаа.
Хэрэг болох үед гурван настай охин хүнд гэмтсэн. Түүнийг Цэргийн төв эмнэлэгт эмчилж байгаа. Тус эмнэлгээс тодруулахад “Хүүхдийн биеийн байдал хүнд. Шаардлагатай эмчилгээг хийж байна” гэлээ.
С.ОТГОНБАЯР








Нийгэм






