Онцгой байдлын ерөнхий газарт өнгөрсөн хоногт улсын хэмжээнд ахуйн болон тээврийн хэрэгслийн гал түймрийн дөрвөн дуудлага бүртгэгдэж, алба хаагчид шуурхай ажиллан галыг унтраажээ.
Тодруулбал, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооноос 01 дүгээр сарын 07-ны өдрийн 13:40 цагт байшин шатаж байна гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн Б-ийн эзэмшлийн 3х5 метрийн хэмжээтэй байшингийн үүдний өрөөний эд хогшил болон 1х1 метрийн хэмжээтэй тааз шатаж байсныг унтраажээ.
Мөн Увс аймгийн Давст сумын 1 дүгээр багийн “Цэг” гэдэг газарт 16:05 цагт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлага бүртгэгдсэн байна. Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиход иргэн О-ын “Toyota Land Cruiser 80” загварын автомашин шатаж байсныг ажиллан унтраасан байна.
Үүнээс гадна Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 4 дүгээр багийн “Зөлхөн” гэдэг газарт 22:50 цагт өвөлжөө шатаж байна гэсэн дуудлага иржээ. Алба хаагчдыг очиход иргэн С-ийн 25х10 метрийн хэмжээтэй өвөлжөөнд өтөг бууц шатаж байсныг унтраасан байна.
Түүнчлэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багт 01 дүгээр сарын 08-ны өдрийн 00:25 цагт байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлага бүртгэгдэж, иргэн Б-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн 2х3 метрийн дээврийн хэсэг шатаж байсныг Онцгой байдлын газрын 16 дугаар ангийн алба хаагчид унтраажээ.
Онцгой байдлын байгууллагаас иргэдийг галын аюулгүй байдлаа хангах, цахилгаан хэрэгсэл, зуух, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Б.АМАРТҮВШИН








Нийгэм





