Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн “Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 56 дугаар тогтоолын хүрээнд энэ сарын 7-ны өдрөөс эхлэн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт ажиллаж буй.
Тэрбээр (2026.01.10) тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан болон аймаг, орон нутгийн удирдлагуудын хамт Дорнод аймгийн Халхгол сумын иргэдтэй уулзлаа.
ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн “Баруун-Урт, Чингис хот болон Хэнтий аймгийн Жаргалтхаан, Сүхбаатар аймгийн Мөнххаан, Эрдэнэцагаан суманд ажиллаад ирлээ. Эдгээр сумд бол Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн бодлогод сум дундын хөгжлийн төв байхаар тусгасан. Халхгол сум нь Матад сумтай таталцан хөгжих сум дундын хөгжлийн төв байна. Иймд оны эхний томилолтоо дээрх сумдаас эхлүүллээ. Салбарын яамнаас бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, малчид, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, хөдөөгийн хөгжилд чиглэсэн төсөл хэрэгжүүлнэ” гэдгийг тодотгов.
Уулзалтаар Газрын тухай хууль болох Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслүүд “Орон нутгийн хөгжлийн төв” төслийн талаар иргэдэд мэдээлэл өглөө.
Иргэд хуулийн төслүүдийг дэмжиж буйгаа илэрхийлээд сум, орон нутагт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд хуулийн хөнгөлөлттэй зээл, газрын асуудал нэн чухал байгааг хэлж байв. Мөн малчдад тариалангийн газар олгох, газрын даамалтай болох, зөгийн бэлчээрийн асуудлыг шийдвэрлэх, зөгийн балны экспортыг нэмэгдүүлэхэд анхаарах, Баянхошуу боомтоор химийн бодис оруулах, Шинэ хөдөө төслийн хүрээнд тэжээлийн ургамал тарих боломжийг нээж өгөх, ойн зурвас байгуулах газруудад худаг гаргах, Ялалт багийн эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх, Буйр нуурын загасчлалд анхаарах зэрэг асуудлыг хөндөв.
ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн “Төр бизнес хийхгүй. Үр дүнд хүргэхэд орон нутгийн удирдлага, иргэд, малчдын оролцоо, хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглээд аймаг, сумын удирдлагуудад иргэдийн дэвшүүлсэн асуудлыг судлан, шийдвэрлэж ажиллахыг үүрэг болгов.
АДМИН








Нийгэм






