Цахим орчинд хүүхдүүд нэгнийхээ бие махбодод халдах, доромжлох, заналхийлэх, хүчирхийлэл үйлдэж байгаа бичлэг цацагдах, бусдын зураг, бичлэгийг нийгмийн сүлжээнд байрлуулах зэрэг асуудал гарч байгаатай холбоотой ХЭҮК-оос мэдээлэл хийлээ.
ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан: Хүүхдүүддээ эрүүл, аюулгүй орчин бий болгож чадаагүй, хүмүүжүүлж чадаагүй нь бид бүгдийн хариуцлага. Хүүхдийн хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт бол ямар ч тохиолдолд байж болохгүй үйлдэл. ХЭҮК хүүхдийн хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой асуудлыг үргэлж хөндөж ирсэн, энэ асуудал ноцтой хэмжээнд очсон, яаралтай арга хэмжээ авах санал зөвлөмжийг гаргаж байсан. УИХ-ын тогтоолд ороогүй асуудлаар холбогдох яаманд ХЭҮК-оос гаргасан санал зөвлөмжийг хүргүүлдэг. 2026 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр ХЭҮК-ын даргын зөвлөмж Боловсролын сайд руу явуулсан. Энэ зөвлөмж бүхэлдээ үе тэнгийн дээрэлхэлт, хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой зөвлөмж байсан. ХЭҮК-оос үе тэнгийн дээрэлхэлт, хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлыг тогтмол хөндөж, зөвлөгөө өгч байгаа ч үр дүн гарахгүй байгаа нь харамсалтай. Хүүхэд хамгааллын тухай хууль 2024 онд шинэчлэгдэн найруулагдаж, салбар болгон хүүхэд хамгааллын бодлоготой байх, хүүхэд хамгаалах үйлчилгээг тодорхой болгож зохицуулсан боловч хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Хүүхэд хамгаалал гэдэг бол нэг байгууллага, эцэг эхийн асуудал биш, олон салбарын огтлолцол дээр хүн бүрийн оролцоотой хэрэгждэг, үр дүн гаргадаг асуудал.
Боловсролын салбарын хүүхэд хамгааллын асуудал орхигдож байгаа нь хэд хэдэн зүйлээс харагдаж байгаа. Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан, боловсролын салбарт хамаарах асуудлаас хоёр журам хэрэгжээгүй. Тухайлбал, хүүхэд хамгааллын тухай хуулийн боловсролын сургалтын байгууллага, сүм хийдийн орчны аюулгүй байдал, нөхцөл байдлын үнэлгээ хийх журам өнөөдрийг хүртэл батлагдаагүй. Боловсролын орчин дахь хүүхэд хамгааллын үйлчилгээний нийтлэг шаардлага зэрэг журам батлагдаагүй байгаа нь харамсалтай. 2024 оны нэгдүгээр сард батлагдсан хууль 2024 оны есдүгээр сараас хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль бүрэн дүүрэн хэрэгжих боломжгүй нөхцөл байдалтай байна.
Үе тэнгийн дээрэлхэлтийг шалгадаг, хариу арга хэмжээ авдаг механизмууд хэрэгжиж ажиллаж байна. хүүхэд хамгааллын хамтарсан баг хороо дүүрэг, сум, сургууль дээр ажилладаг. Үндсэн зорилго нь эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, хариу арга хэмжээ авах, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, төлөвлөгөө гаргах, эрсдэлийн үнэлгээ хийж хэрэгжүүлэх, үр дүн гаргах чиг үүрэгтэй бүтэц байдаг. Сургууль болгон дээр байгаа ч энэ механизм үр дүнтэй ажиллахгүй байгаа. 2021 онд хамтарсан баг, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний үйл ажиллагааг ХЭҮК-ос хангалтгүй байна гэж дүгнэсэн. Тэнд мэргэшсэн боловсон хүчний дутагдал, санхүүжилт хангалтгүй байгаа учраас энэ бүтэц үр дүнгээ өгөхгүй байна гэх дүгнэлт хийж, зөвлөмж өгч байсан.
Сургууль дах хүүхэд хамгааллын хамтарсан баг саяны болсон хэрэг дээр ажиллаж байх ёстой. Болсон тохиолдлыг харахад ноцтой үе тэнгийн дээрэлхэлтээс хальсан, гэмт хэргийн шинжтэй үйл явдал болсон. Цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Хүчирхийлэл үйлдсэн хүүхдүүд хариуцлага хүлээхгүй мултарна гэх асуудал олон нийтийн сүлжээнд тархаж байна. Албан ёсоор 14 нас хүрсэн бол эрүүгийн хариуцлага хүлээх хуулийн зохицуулалттай. Буруутай үйлдэл хийсэн хүүхэд ямар ч тохиолдолд хариуцлага хүлээнэ. Хариуцлага хүлээлгэж байна гээд хүүхдийг нийгмээс тусгаарлаад, ирээдүйгүй болгож болохгүй. Энэ бол үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцэхгүй. Олон нийт, насанд хүрсэн хүмүүс хүүхдийг цахим орчинд цаазалж болохгүй. Тэмдэглэл хийх асуудал яригдаж байгаа, тухайн тэмдэглэлийг тухайн хүүхдийг сурган хүмүүжүүлэх, засах, эргэн нийгэмшүүлэх зорилгоор тэмдэглэгээ хийж ашиглана. Их дээд сургуульд орох, гадаадад зорчих эрхийг хязгаарлах үндэслэл байж болохгүй. Монгол Улсын үндсэн хуульд заасан иргэний хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулах үзэл санаатай нийцэхгүй. Хүүхэд хариуцлагаа хүлээнэ, буруугаа ухамсарлах, өөрийгөө засах, эргэн нийгэмших орон зайг үлдээх ёстой.
Т.УНДРАХБАЯР







Нийгэм








