ГОТОВЫН АКИМ
(1943-2026)
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч Хатагин овогт Готовын Аким 2026 оны 3-р сарын 27-ны өдөр таалал төгсөж, Монголын нийгмийн соёл, урлаг, боловсролын салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Г.Аким 1943 оны 9-р сарын 24-нд Дорнод аймгийн Матад сумын нутаг Тэмээт гэдэг газарт нутгийн залуу сэхээтэн, багш Жамьянгийн Готовын гэрт төрж, 1955 онд Матад сумын бага сургууль, 1961 онд Чойбалсан хотын 10 жилийн 1-р сургуулийг төгсөж, 1961-1966 онд УБДС-д суралцан орос хэл, уран зохиолын багшийн мэргэжил эзэмшин, улс орныхоо оюуны дэвшлийн шинэ үеийн сэхээтнүүдийн нэг болжээ. Тэрээр 1966-1969 онд УБДС-д орос хэлний найруулга зүй, орчуулгын онол, Оросын уран зохиолын багш, 1969-1990 онд МАХН-ын Төв Хорооны дэргэдэх “Энх тайван, социализмын асуудал” сэтгүүлийн орчуулагч, редактор, 1990-1991 онд МОНЦАМЭ агентлагийн сонин, сэтгүүлийн хэлтсийн эрхлэгч, 1991-2000 онд “Ил товчоо” сонины ерөнхий эрхлэгч, 2000-2005 онд "Соёл эрдэм" дээд сургуулийн хичээлийн эрхлэгч, захирал, 2005-2010 онд Үндэсний төв номын сангийн захирлын алба хашиж байсан билээ. Тэрээр Монголын эртний хатагин овгийнхны туулсан замналын баян түүхийг судлан зузаатгах, тархан суусан хатагинчуудын өв соёлыг сэргээх зорилгоор Хатагины санг үүсгэн байгуулж, нэгэн Монголын орчуулагчдын холбоог удирдан, үйл ажиллагааг нь чиглүүлж явлаа.
Готовын Аким 1991 онд Монгол Улсын анхны үндэсний чөлөөт хэвлэл “Ил товчоо” сониныг үүсгэн байгуулж, 2000 он хүртэл эрхлэн гаргахдаа хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, ард түмнийхээ оюуны сэтгэлгээг улам өндөржүүлэх их ажлын үндэс суурийг тавигчдын нэг болж, насан эцэслэтлээ улс, эх орныхоо тусгаар тогтнолын түүхээ цоо шинээр эргэн харах, дүгнэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөний төлөө гуйвшгүй тэмцэж, үндэстнийхээ түүхэн замнал, өв соёл, зан заншлын ой санамжийг сэргээн төлөвшүүлэх, мөнхжүүлэхийн төлөө гар газар, хөл хөсөр тавилгүй зүтгэсээр ирсэн цогт их оюунтан байлаа.
Монголын ард түмний нэн хүндэт бичгийн хүмүүсийн нэг, уран найруулгатай өгүүлэхүй, хүүрнэхүйн их урлаач Готовын Аким ард түмнээ дэлхийн хүн төрөлхтний соёл эрдмийн далай их сантай садансуулах ажлыг насан залуугаасаа эрхэмлэж, орос, англи хэлнээс Анатоль Франсын “Ундаассан бурхад”, Александр Гриний “Аранзал дарвуулт хөлөг”, Чингиз Айтматовын “Цаазын тавцан”, "Зуунаас ч урт өдөр", Габриель Гарсиа Маркесын “Зуун жилийн ганцаардал” зэрэг олон роман, бас бус гадаадын олон арван уран зохиолын номууд, Рашид-Ад-Диний “Шашдирын чуулган” гурван боть түүхэн судар, Рупений “Хорьдугаар зууны монголчууд", Гумилёвын “Хар домог” тэргүүтэй Монголын эх түүхэнд холбогдох том, том суурь бүтээлүүдийг монгол хэлнээ орчуулж, монгол, орос, англи өвөрмөц үгсийн харилцан хөрвөх толь бичгүүдийг туурвин нийтийн хүртээл болгосноор Монголынхоо сартваахи мэргэдийн хүрээнд зүй ёсоор багтах болсон юм. Өнгөрсөн үеийн улбаа хийгээд шинэ соргог бүхний цуцашгүй хайгуулч түүний судлан цуглуулж, эмхэтгэн хэвлүүлсэн "Монгол өвөрмөц хэлцийн толь", "Монгол зүйр цэцэн үгийн тайлбар толь" тэргүүтэй монгол ардын оюуны өв сангийн олон цуврал номууд, Чингис хааны амьдрал, туулсан замын цаг цагийн үйл явдлуудын мөрөөр мөшгөсөн судалгааны номууд зөвхөн Монголдоо төдийгүй хэд хэдэн гадаад улсад орчуулагдан хэвлэгдсэн нь Монголынхоо залуу үе хийгээд, гадаадын монгол судлаачдын онцгой чухал гарын авлага болсоор иржээ. Түүнчлэн худам монгол бичгээ сэргээхийн төлөө мятаршгүй зүтгэж, шинэ үеийн уран зохиолын орчуулгын судлал шинжлэлд эрдэм ухаанаа зориулж, түүх шастир, газар усны домог, хууч ярианы судалгаа, ан амьтан, археологи, монгол нутагт нэн ихээр тарсан эртний хадны зосон зургийн дурсгалуудын дуусашгүй их эрэл хайгуулын ажлын олон арван номууд нь хэд хэдэн гадаад хэлээр орчуулагдан хэвлэгдэж, элсэн говь, хээр тал, гүн хөвчийн эх орны нүүдэлчин ахуй, соёл иргэншлээ дэлхий даяар таниулах, сурталчлах хэмжээлшгүй их ачааг үүрэлцэж байна.
Их бичгийн хүмүүн Готовын Акимын үндэснийхээ соёлын төлөө мятралгүй зүтгэсэн хөдөлмөр, үйлсийг монгол төр хүндэтгэн талархаж Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнасны хажуугаар, төрийн бус олон нийтийн байгууллагуудын үнэлэмжийг дурдвал, Монголын Орчуулагчдын эвлэлийн шагнал, Монголын Сэтгүүлчдийн эвлэлийн шагнал, Монголын зохиолчдын эвлэлийн "Утга зохиолын төлөө" медаль, доктор Б.Ринчений нэрэмжит шагнал, нэрт орчуулагч Ж.Гэндэндарамын нэрэмжит “Билигт гүүш” цол олгож, мөн АНУ-ын Дэлхийн соёл урлагийн академи байнгын гишүүнээрээ өргөмжилж, уран зохиолын докторын зэрэг хүртээжээ.
Нэрт соён гэгээрүүлэгч, гуйвшгүй эх оронч, үндэсний бахархлаа үлгэр жишээчээр дээдлэн сурталчлагч Готовын Аким агсан Таны чин шударга зан төрх, яруу тунгалаг авьяас билиг, сурган хүмүүжүүлэх өвөрмөц арга зүй язгуур чанарын ариун үйл хэрэг Монголын ард түмэн, залуу хойчис, монгол уншигч бүрийн сэтгэл зүрх, оюун ухааны дундаршгүй арвин санд мөнхрөн үлдэх болтугай!
|
Эх сурвалж
| Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
|
АДМИН







Нийгэм




