Өмнөговь аймгийн Засаг даргын 2026 оны 08 -р сарын 04-ний өдрийн А/1186 дугаар захирамжаар мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний бүртгэлтэй холбогдуулан тодорхой бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоолоо.
Манлай сумын Өгөөмөр багийн нутаг дахь өвчний голомтоос 30 км-ийн радиус, мөн Ханхонгор сумын Жаргалант баг болон Мандах багийн “Суварга” орчимд бүртгэгдсэн голомтоос 30 км-ийн радиуст 08 -р сарын 04-ний өдрөөс эхлэн хорио цээрийн дэглэм мөрдөхөөр шийдвэрлэв.
Хорио цээрийн дэглэмийн хугацаанд өвчний тархалтын хүрээг тогтоох, тандалт судалгаа хийх, халдваргүйтгэл, ариутгал, дархлаажуулалтын ажлыг зохион байгуулах, дэглэмийн хэрэгжилтэд хяналт тавих зэрэг арга хэмжээг холбогдох байгууллагууд хэрэгжүүлэн ажиллана.
Мөн хүн, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн болон тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнд холбогдох журмын дагуу зохицуулалт хийхээр боллоо. Хорио цээрийн дэглэм хэрэгжих хугацаанд аймаг, сумын хэмжээнд зохион байгуулах бүх нийтийг хамарсан баяр наадам, хурдан морины уралдаан зэрэг арга хэмжээг 08 -р сарын 04-нөөс 10 -р сарын 01-ний өдрийг хүртэл түр хугацаагаар хойшлуулж байна.
Иргэн, аж ахуй нэгж, мал бүхий өрхүүдийг хорио цээрийн дэглэмийн шаардлагыг мөрдөж, малын шилжилт хөдөлгөөнийг зөвшөөрөлгүй хийхгүй байх, холбогдох байгууллагаас өгч буй заавар, зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллахыг анхааруулж байна.

АДМИН







Нийгэм



