2026 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөөнд Япон Улсын Засгийн газрын 2026 оны “Өвсний үндэс буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх "Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн хичээлийн байрыг засварлах төсөл"-д 143,932 ам.доллар хүртэлх хэмжээний буцалтгүй тусламж үзүүлэх тухай гэрээнд Элчин сайд М.Игавахара болон аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нар гарын үсэг зурав.
Гарын үсэг зурах ёслолын үеэр Элчин сайд М.Игавахара тус сургуулийн анги танхим өвлийн улиралд маш хүйтэн бөгөөд багш сурагчид гадуур хувцастайгаа хичээллэхээс өөр аргагүй хүнд нөхцөлд байгааг дурдаад энэ удаагийн төслийн үр дүнд Завхан аймгийн хөгжил дэвшлийг авч явах хүүхэд багачууд дулаан, тав тухтай орчинд сурч боловсрох нөхцөл бүрдэнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.
Мөн Засаг дарга Г.Өнөрбаяр "Завхан аймгийн боловсрол, эрүүл мэнд зэрэг олон салбарт үнэтэй хувь нэмэр оруулж буй Япон улсын Засгийн газар болон ард түмэнд чин сэтгэлийн талархал дэвшүүлэхийн зэрэгцээ энэхүү төсөл хэрэгжсэнээр тус сургуулийн сургалтын орчин нөхцөл сайжирна гэдэгт итгэлтэй байна" хэмээв.
Энэхүү төслийн хүрээнд 640 хүүхдийн хичээлийн байрны гадна фасадын дулаалгын ажил хийгдэнэ. Үүний үр дүнд тус сургуулийн сурагчид дулаан, тав тухтай орчинд сурч боловсрох боломж бүрдэж, улмаар орон нутгийн боловсролын байгууллагын сургалтын орчин нөхцөл сайжрахад хувь нэмэр болох юм.
Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1990 оноос хойш 36 жилийн турш “Өвсний үндэс буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь “Өвсний үндэс буцалтгүй тусламж”-ийн 632 дахь, Завхан аймагт хэрэгжих 25 дахь төсөл болж байгаа юм.

|
Эх сурвалж
| Япон улсын элчин сайдын яам
|
АДМИН





Нийгэм



