Монголчууд эрт дээр үеэс уул, овоогоо тахин шүтэж, нутаг ус, зон олноо даатгаж ирсэн уламжлалтай. 1701 он буюу тухайн үеийн Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуу, одоогийн Булган аймгийн Хангал, Чингэлийн нутагт Хутагт ламын хийдийг байгуулсан тэр цаг үеэс Эрдэнэтэй уулаа тахиж ирсэн түүхтэй.
Эрдэнэт ууланд газрын баялаг олж тогтоосон тэр цагаас эхлэн хүнд машин механизм, хүчит тэсэлгээ хийж, уул нүүлгэх их ажлыг эхлүүлсэн. Эрдэнэт уул ой мод, ан амьтан, цэцэг жимстэй, эрдэнэс агуулсан хайрхан байв. Тиймээс анхны тэсэлгээ хийх үед уул ус, газар шороог нь аргадан гуйж, улмаар “Эрдэнэт Мандал” овоог тахих зан үйлийг 1994 онд дахин сэргээсэн юм.
Эрдэнэт үйлдвэрийн Уурхайчин хамт олон “Эрдэнэт Мандал” овоог 2 жилд нэг удаа тахиж, уул усаа аргадан баясгадаг уламжлалтай. Төрийн хэмжээний тахилгатай уул, овоог тахихын өмнө “Долоон бурхан” одыг тайж, тэнгэр, бурхнаа аргаддаг уламжлалын дагуу өчигдөр орой “Долоон бурхан” од тайх ёслолыг хурмаст тэнгэр хураа хайрлахтай зэрэгцэн, Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолборын урд байрлах Хөл бөмбөгийн талбайд зохион байгуулсан.
“Долоон бурхан” од тайх ёслолд Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд, тэдний гэр бүл, Орхон аймаг, Эрдэнэт хотын иргэд, сүсэгтэн олон хүрэлцэн ирж, лам хуврагууд ном уншлагаа сонордуулан, номын авшиг хүртээлээ.
Өнөөдөр өглөө буюу Билгийн тооллын Зуны тэргүүн Харагчин могой сарын шинийн 15-ны бэлгэт сайн Хөхөгчин могой өдрийг сонгон “Эрдэнэт Мандал” овоог тахиж, газар усны эзэн, лус савдгаа аргадлаа. “Эрдэнэт Мандал” овоо тахих ёслолд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд, ахмадууд, уурхайчин хамт олон болон хүндэт зочноор Аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат тэргүүтэй эрхмүүд, алдар, гавьяатнууд, Эрдэнэт хотын иргэд хүрэлцэн ирж оролцсон.
Овоо тахилгын зан үйлийг “Жанлданжанчүвлин” хийдийн Тэргүүн, Гэвч лам Б.Мөнхтогоо удирдан, чиглүүлээ. Мөн тус хийдийн Ловон лам Б.Ганзам хурсан олонд ном, уншлагын утга агуулгыг тайлбарлан хүргэж, ард иргэд, ан амьтан, өвс ургамал, амьд бүхэн амар амгалан байхын тухайд лам хуврагууд буддын шашны зан үйл, ном судраа уншиж, сан тавьсан.
“Эрдэнэт Мандал” овоонд зориулсан Айлтгалыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон хурсан олонд сонордуулж, Ерөнхий инженер Т.Батмөнх, Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энх, Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Баярбат, Үйлдвэрлэл, техникийн бодлогын газрын дарга П.Батболор, Худалдан авах ажиллагааны газрын дарга С.Энхмандах нарын хамтаар идээ шүүсний дээж тэргүүтнийг овоо, хангай дэлхий болон галын бурханд өргөлөө.
Мөн, олон түмний эв эе, хүсэл зоригийг нэгтгэн тэнгэрт даатгах дуут сумыг Монгол Улсын Гоц мэргэн харваач Ж.Мөнхбаатар харваж, овоо тахилгын чухал нэгэн ёслол үйлдэв.
Улмаар, өнгөрсөн жил Орхон аймгийн баяр, наадмаар азарга нь түрүүлсэн Баян-Өндөр сумын харьяат Я.Болдын адуун сүргээс Бор морийг сонгон Жамсран сахиусны хүлэг хэмээн “Эрдэнэт Мандал” овоонд сэтэрлэлээ.
Ийнхүү, Эрдэнэтчүүд “Эрдэнэт Мандал” овоогоо тахиж, айлтгал, арвин сангаа тавьж, уурхай баялгийн эздийнхээ хийморь жавхааг бадраан, Эрдэнэт уулаа аргадаж, Уурхайчдынхаа үйлс нь дэвжин дэлгэрч, өвчин эмгэг, барцад саад бүхэн амарлиж, санасан сэдсэн бүхэн номын ёсоор сэтгэлчлэн бүтэхийн ерөөл өргөн, залбирлаа.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм






