Эрчим хүчний сайд Б.Найдалаа (2026.05.30) Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороон дахь, нарны эрчим хүчинд суурилсан халаалтын систем ашиглан хэрэглээгээ хангаж буй өрхийнд очиж, үр дүнтэй нь танилцлаа. Тус айл нарны цахилгаан үүсгүүр, цэнэг хураагуурын систем, дулааны хуримтлуур бүхий халаагуурыг ашиглаж байгаа юм.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, URECA компани хамтран “Нарны илч” төслийн хүрээнд 2025 онд Чингэлтэй дүүрэгт 80 айлын уламжлалт түлш, зуухны хэрэглээг нь халан, сэргээгдэх эх үүсвэрт суурилсан халаалт, цахилгааны хэрэглээнд зориулсан энэхүү системийг суурилуулжээ. Тус компанийн тооцоолсноор эл системийг хэдэн айлд суурилуулахаас шалтгаалж өртөг нь өөр байх тооцоо гарсан байна. Тодруулбал, нэг дор олныг суурилуулах тусам өртөг нь багасах аж.

Эрчим хүч, халаалтаа байгаль орчинд ээлтэйгээр шийдэхээр Ж.Цэнд-Аюуш энэ оны нэгдүгээр сарын 5-нд зургаан нарны панель, дагалдах төхөөрөмжийг суурилуулснаас хойш зуухаа ашиглахаа больжээ. Энэ талаар тэрбээр “Манайх өвөл огт даараагүй. Утаа, тортог гарахгүй, ажил хөнгөвчлөн цаг хэмнэх гээд олон давуу талтай. Өмнө нь өглөө эрт босож галладаг байсан бол одоо амар болсон. Нэг, хоёр хоногоор явахдаа залгаад орхиход орон сууц шиг дулаан гэр угтдаг. Өнгөрсөн өвөл оргил ачааллын үед эрчим хүч хязгаарлахад манайх цахилгаантай байсан" хэмээн өгүүлэв.
Уг айл өвлийн улиралд өмнө нь долоо хоногт таван шуудай нүүрс, мод авахад багагүй мөнгө зарцуулдаг байсан бол өнгөрсөн хоёрдугаар сард шөнийн хөнгөлөлтөөр 100 мянган төгрөг хасуулаад цахилгаан болон халаагуурын төлбөрт 88 мянган төгрөг өгчээ. Тэгвэл гуравдугаар сард эл дүн 10 мянга болж багассан байна. Шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлэхээ больдог дөрөвдүгээр сар, бас тавдугаар сард огт төлбөр төлөөгүй гэж байлаа. Мөн сүлжээнд эрчим хүч нийлүүлэн дөрөв, тавдугаар сард 174 мянган төгрөг авсан байна.
Сайд Б.Найдалаа “Байгаль орчинд ээлтэй, айл өрхүүдэд хэмнэлттэй ийм шийдэл нь эрчим хүчний системийн оргил ачааллын үед эерэг нөлөө үзүүлэхээр бол цаашид “Буман нарны илч” хөтөлбөр болгон өргөжүүлэн хэрэгжүүлнэ” гэлээ.
АДМИН







Нийгэм







