Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Хүүхэд бүр ялагч–Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафоныг өнөөдөр гурав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж эхэллээ. Тус марафонд 6-17 насны хүүхдүүд зургаан насны ангиллаар оролцож байна.
Нээлтийн арга хэмжээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Захиргаа, удирдлагын газрын дарга Б.Доржхуяг, “Гүүд Нэйборс” олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын ерөнхий менежер А.Бүрэнжаргал, марафоны санаачлагч Б.Мөнхжин нар оролцож үг хэлэв.
Энэ үеэр ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан хүүхдүүдэд амжилт хүсэж, хүүхдийн өмнө насанд хүрсэн хүн бүр үүрэг хүлээгч, хамгаалагч байдгийг онцлон тэмдэглэлээ. Мөн хүүхдийн хөгжил, оролцоог дэмжин хүүхдүүдээ марафонд оролцуулж буй эцэг эх, асран хамгаалагчид болон хамтран ажиллаж буй байгууллагуудад талархал илэрхийлэв.
Тус марафон нь үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг олон нийтэд таниулах, хүүхдийн эрхийн зөрчлөөс хамгаалах зөв хандлага, соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
Энэ жилийн марафонд нийслэлээс нийт 4215 хүүхэд бүртгүүлж, хурд хүч, авхаалж самбаагаа сорихын зэрэгцээ “Хүүхэд бүр ялагч–Хүүхэд бүр хамгаалагч” үзэл санаанд нэгдэж байна. Харин орон нутагт 17 аймагт энэхүү марафоныг зэрэг зохион байгуулж байгаа юм.
Арга хэмжээнд оролцсон хүүхдүүд барианд орсон мөчөө мэргэжлийн гэрэл зурагчны дуранд мөнхлөх, нүүр хувиргалт хийлгэх, үлгэр киноны баатруудтай гэрэл зураг авахуулах, “Хүслийн хайрцаг”-т хүсэл мөрөөдлөө бичиж үлдээх, авьяаслаг хүүхдүүдийн урлагийн тоглолт, хүний эрхийн интерактив хөтөлбөрүүд үзэх, “Open Mic” арга хэмжээнд оролцох зэрэг олон боломж бүрдэжээ.
Энэ удаагийн марафоныг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төв, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Зохион байгуулагчдын зүгээс хүүхдийн эрх, хамгааллыг дэмжих, хүүхэд бүрийн сайн сайхан байдал, хөгжил, оролцоог хангахын ач холбогдлыг олон нийтэд таниулах үйлсэд нэгдэж буй байгууллагууд болон марафонд оролцож буй хүүхдүүдэд амжилт хүслээ.
Б.АМАРТҮВШИН







Спорт







