Dark Light
Нийгэм | 2026-05-19

ОН ГАРСААР ИРГЭДЭЭС 262 ТАРВАГА, 602 ЗАГАС, 14 ЧОНО ХУРААН АВЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Энхмаатай “Амьтны тухай хууль зөрчих” зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийн талаар ярилцлаа.

Нийслэлийн хэмжээнд Зөрчлийн тухай хуульд заасан Амьтны тухай хууль зөрчих зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийн талаар мэдээлэл өгөхгүй юу? Амьтны тухай хууль зөрчих зөрчлөөс ямар төрлийн зөрчлүүд Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зонхилон үйлдэгдэж байна вэ?

Нийслэлийн прокурорын газраас 2026 оны эхний 4 сарын байдлаар Нийслэлийн Байгаль орчны газрын эрх бүхий албан тушаалтны Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлд заасан “Амьтны тухай хууль зөрчих” зөрчлийг шалгасан 163 хэрэг, материалд хяналт тавьсан. Энэ нь өнгөрсөн оноос 69 буюу 73.4 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Дээрх 163 зөрчлөөс  агнуурын бүс нутгаас бусад газарт, амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн зөрчил 110 буюу зонхилон үйлдэгдсэн байна.

Ихэнх тохиолдолд зөрчил үйлдэгдсэн нь тодорхой, холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрдөг учраас зөрчлийг ажлын 5 хоногт багтаан хялбаршуулсан журмаар шалгаж, шийтгэл оногдуулж шийдвэрлэдэг бөгөөд 147 зөрчлийг хялбаршуулж шийдсэн байна. Харин 13 зөрчилд зөрчлийн хэрэг нээн хэрэг бүртгэлт явуулсан.

Он гарснаас хойш дээрх зөрчлийн хэрэг, материалд холбогдсон иргэдээс 262 тарвага, 602 загас, 14 чоно, ятуу 4, зэрлэг гахай, үнэг тус бүр 3, хярс, шар шувуу тус бүр 2, дорго 1 бодгаль, 1 ширхэг бугын эвэр зэргийг хураан авсан байна.

Амьтны тухай хууль зөрчих зөрчил үйлдсэн бол хүлээлгэх хуулийн хариуцлага ямар байдаг вэ?  Зөрчлийн улмаас байгаль орчинд учирсан хохиролд хэчнээн төгрөгийг нөхөн төлүүлсэн бэ?

Амьтны тухай хууль зөрчих зөрчил үйлдсэн болох нь тогтоогдсон хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдэхдээ ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулахаас гадна Зөрчлийн тухай хуульд заасан хэмжээгээр торгох шийтгэл оногдуулдаг. Ер нь бол Амьтны тухай хууль зөрчих зөрчилд үйлдсэн зөрчлөөс нь хамаараад хүнд 150 мянган төгрөгөөс 1 сая төгрөг, хуулийн этгээдэд 1,5 саяас 10 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах хуулийн заалттай.

Түүнээс гадна амьтны аймагт учирсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар тухайн амьтны экологи– эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож, зөрчил үйлдсэн иргэн, хуулийн этгээдээр нөхөн төлүүлдэг.

Жишээлбэл 1 бодгаль тарваганы экологи-эдийн үнэлгээ 410 мянган төгрөг байдаг. Үүнийг 2 дахин нэмэгдүүлж тооцвол 820 мянган төгрөг болдог.

Та бүхэн мэдэж байгаа байх энэ оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, Богд-Хан уулын дархан цаазат газар, Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд газар ашиглагч хуулийн этгээд нь стандартад нийцээгүй хашаа барьснаас халиу буга зоогдож үхсэн зөрчил үйлдэгдсэн. Энэ зөрчлийн улмаас амьтны аймагт 25,4 сая төгрөгийн хохирол учирсан бөгөөд стандартын бус хашааг буулгаж, газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалж, тухайн стандартын бус хашаа барьсан хуулийн этгээдээр хохирол, нөхөн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн.

2026 оны эхний 4 сард Амьтны тухай хууль зөрчих зөрчлийн улмаас 258 сая төгрөгийн хохирол, нөхөн төлбөр учирснаас 127,7 сая төгрөг буюу 49.4 хувь нөхөн төлөгдсөн байна.

Хуулийн зохицуулалт байдаг ч иргэд яагаад энэ төрлийн зөрчлийн хэрэгт холбогдож байна вэ?

 Нэг үеэ бодвол иргэд ан агнах, загас барих гэрээ, тусгай зөвшөөрөлгүйгээр амьтныг агнах, ашиглах, барих нь хууль бус гэдгийг мэддэг болсон. Гэсэн хэдий ч энэ төрлийн зөрчил буурахгүй байгаа нь зөрчилд холбогдсон иргэдийн ухамсартай шууд холбоотой байна. Агнуурын бүс нутгаас бусад газарт буюу хот суурин газарт тарвага, зурмын түүхий мах, нойтон арьсыг оруулахыг хориглодог. Гэтэл Амьтны тухай хууль зөрчсөн зөрчлийн дийлэнх нь нийслэл хот руу тарвага тээвэрлэсэн зөрчил байдаг. Энэ төрлийн зөрчилд холбогдсон иргэд “хүн бэлэглэсэн, эмчилгээнд хэрэглэх гэж байсан, эсхүл идэх зорилгоор авч явсан” гэдэг бол зарим хэсэг нь “хүний дайвар ачааг авсан, тарвага гэж мэдээгүй” гэх зэргээр тайлбарласан байдаг.

Иргэд дээрх зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай байна вэ?

Амьтны тухай хууль зөрчих зөрчлийн дийлэнх нь загас, тарвага хууль бусаар хот, суурин газарт оруулж ирэх зөрчил байна. Ялангуяа үржлийн үед нь загас агнасан тохиолдол гарч байна.

Амьтны тухай хуульд амьтдыг агнах, барихгүй байх хугацааг тодорхой заасан байдаг. Тухайлбал, бор гөрөөс, цагаан зээр, зэрлэг гахайг жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрөөс дараа оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, булга, суусар, элбэнх, үнэг, мануул чандага туулай, бор туулайг жил бүрийн 02 дугаар сарын 11- ний өдрөөс 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл, зурам, тарвагыг жил бүрийн 10 дугаар сарын 16-ны өдрөөс дараа оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, Дархадын цагаан загасыг жил бүрийн 8 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, Буйр нуурын загасыг жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдрөөс 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, омоль загасыг жил бүрийн 8 дугаар сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл; зарам загасыг жил бүрийн 9 дүгээр сарын 05-ны өдрөөс дараа оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл; Алтайн сугас загасыг жил бүрийн 6 дугаар сарын 15-ны өдрөөс 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, бусад загасыг жил бүрийн 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд тус тус ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглосон байдаг тул дээрх хугацаанд амьтныг агнахгүй, барихгүй байхад анхаарах хэрэгтэй.

Түүнчлэн бусдын дайвар ачаанд хориглосон амьтан болон бусад хориотой эд зүйл байгаа бол тээвэрлэхгүй байх, ачаа дайж байгаа болон ачааг хүлээн авах иргэний холбогдох мэдээллийг тэмдэглэж авах зэргээр зөрчилд холбогдохоос зайлсхийх шаардлагатай байна. Мөн амьтны түүхий эд, эрхтнийг эмчилгээнд хэрэглэх нь шинжлэх ухааны үндэслэлтэй юу гэдгийг бас бодолцох хэрэгтэй.

Нэмж хэлэхэд энэ дэлхий зөвхөн хүнд зориулагдаагүй гэдгийг ойлгож амьтны эрхийг хамгаалах үйлсэд гар бие оролцоосой гэж уриалж байна.


Эх сурвалж | УЕПГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10