Улсын онцгой комиссын ажлын албаны ахлах мэргэжилтэн, хурандаа З.Баттулгаар ахлуулсан шуурхай бүлэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Цагдаагийн ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын төлөөллүүд багтсан бөгөөд мал, амьтны гоц халдварт өвчний нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хэрэгжилтэд үнэлгээ хийж ажиллаж байна.
Хурлын үеэр аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Ч.Буян-Өлзий мал, амьтны гоц халдварт өвчин бүртгэгдсэнтэй холбогдуулан өвчний голомтыг хумих, тархалтыг таслан зогсоох чиглэлээр хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ, хорио цээрийн дэглэмийн хэрэгжилт, тандалт шинжилгээний ажлын талаар мэдээлэл танилцууллаа.
Мөн Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал, амьтны эрүүл мэндийн газрын дарга Б.Болдбаатар өвчний гарал үүсэл, халдвар тархах эрсдэл, цаашид авч хэрэгжүүлэх урьдчилан сэргийлэх болон хяналтын арга хэмжээний талаар мэдээлэл өгч, мэргэжил арга зүйн зөвлөмж хүргэлээ.
Шуурхай бүлгийн зүгээс Баян-Өлгий аймагт мал, амьтны гоц халдварт өвчний тархалтыг хязгаарлах, голомтыг хумих чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг шуурхай, зохион байгуулалт сайтай хэрэгжүүлж байгааг онцлон тэмдэглээ.
Шуурхай бүлэг цаашид холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, нөхцөл байдалд үнэлгээ хийж, шаардлагатай арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлэх юм.
АДМИН







Нийгэм







