Dark Light
Нийгэм | 2026-11-08

ТУВАГААС 2800 ЖИЛИЙН ӨМНӨ ОЛСНЫ УРГАМАЛ ХЭРЭГЛЭЖ БАЙСАН БАРИМТ ОЛДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | Т.Уоллес, Г.Каспари

Археологичид Тува дахь скифийн Түннүг-1 булшнаас 2800 жилийн өмнөх олсны ургамлын (cannabis) ул мөр олжээ. Энэ нь өмнө нь Хятадын эртний оршуулгаас олдож байсан олсны ургамлын хэрэглээг илтгэх олдворуудаас даруй гурван зуун жилээр эрт үед хамаарч буй түүхэн нээлт боллоо.

Тува улсын нутаг дэвсгэрт орших скифийн Түннүг-1 хэмээх түүхэн булшыг судалж буй археологичид эртний ард түмэн олсны ургамлыг хэрхэн ашиглаж байсныг тодорхойлох ховор боломжийг нээж илрүүллээ. Булшнаас олдсон хүний үсний сорьцод хийсэн химийн шинжилгээгээр ойролцоогоор 2800 жилийн өмнө уг ургамлыг хэрэглэж байсныг илтгэх бодисын үлдэгдэл илэрсэн байна. 

Швейцарын Бернийн их сургуулийн археологич Жино Каспари (Gino Caspari)-аар ахлуулсан олон улсын эрдэмтдийн баг Оросын Сибирь, Тувагийн нутаг дахь скифийн хаад, язгууртнуудын оршуулгын томоохон цогцолбор болох "Түннүг-1" булшнаас хүн төрөлхтний түүхэнд олсны ургамлыг мансууруулах зорилгоор хэрэглэж байсныг нотлох хамгийн эртний, хөдөлбөргүй баримтыг илрүүлжээ. Эрдэмтэд булшнаас олдсон хүний үсэнд нарийн шинжилгээ хийж, уг бодисын молекулын ул мөрийг илрүүлсэн бөгөөд энэхүү түүхэн нээлтийн тайланг шинжлэх ухааны нэр хүндтэй «ScienceAlert» сэтгүүлд нийтэлсэн байна. Хүний үсний олдворууд нь "гэзэг болгон сүлжсэн" хэвээрээ маш гайхалтайгаар хадгалагдаж үлдсэн байсан сонирхолтой баримт олдсон байна. Тувагийн өмнөд хэсэгт орших Уюкийн хөндий буюу "Хаадын хөндий" гэгддэг бүс нутагт байрлах уг байгууламж нь МЭӨ VIII зууны эхэн үед хамаарах бөгөөд Евразийн тал нутгаар тархан суурьшсан морьтон нүүдэлчдийн хамгийн эртний хааны булшнуудын нэг юм.

Археологичид уг булшнаас хүний олдворуудын хажуугаар 1000 гаруй бүтэн үр болон 500 орчим үрийн хэлтэрхий олсон нь өнөөгийн таримал сорт биш, харин Төв Азийн сэрүүн бүсэд зэрлэгээр ургадаг олсны ургамал байсан бөгөөд тэдгээрийг орон нутгаас нь түүж бэлтгэсэн байх магадлалтай аж. Эрдэмтэд масс спектрометрийн аргаар (Бодисын жин, бүтцийг тодорхойлох спектрийн шинжилгээ) булшнаас олдсон, маш сайн хадгалагдаж үлдсэн гэзэг үсний сорьцыг шинжлэхэд олсны ургамлын үндсэн идэвхт бодис болох тетрагидроканнабинол (ТГК) цаг хугацааны явцад задарч исэлдэхэд үүсдэг каннабинол (CBN) хэмээх химийн нэгдэл бүх дээжнээс маш тодорхой илэрчээ. Энэ нь тухайн үеийн хүмүүс уг ургамлын мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх чанарыг зорилготойгоор ашиглаж байсныг гэрчилж байгаа бөгөөд Хятадын эртний олдворуудаас даруй 300 гаруй жилээр эрт хугацаанд хамаарч буй юм.

Энэхүү нээлт нь түүхэн зан үйлийн талаар маш сонирхолтой таамаглалыг дагуулж байна. Уг хааны булшинд олон арван адууг нядалж, хүний ясны хамт маш нарийн зохион байгуулалттайгаар өрж оршуулсан нь эртний түүхчдийн тэмдэглэсэн "хаадынхаа булшийг хамгаалан зогсох хий үзэгдэлт морьт цэргүүд"-ийн домгийг санагдуулдаг. Судлаач Жино Каспаригийн үзэж байгаагаар уг оршуулгад мориор тахилга өргөхөөс гадна хүнээр тахилга өргөх аймшигт зан үйл ч давхар үйлдэгдсэн байх өндөр магадлалтай бөгөөд олсны ургамлыг тухайн цуст зан үйлд золиослогдож буй хүмүүс болон оролцогчдыг тайвшруулах, айдас түгшүүрийг нь намжаах зорилгоор ашигладаг байсан байж болзошгүй гэнэ. Өдгөө эрдэмтэд уг ургамлын дээжийн ДНХ-ийг тайлах ажлыг эхлүүлсэн бөгөөд эртний нийгэм ургамлын ертөнцийн сэтгэцэд нөлөөлөх чанарыг хэрхэн туршиж, зан үйлдээ ашиглаж байсныг илүү нарийвчлан судлахаар ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08