Dark Light
Нийгэм | 2026-06-06

ҮЕРИЙН ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛЖ, БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, НИТХ-ын дарга Д.Ихбаяр болон холбогдох албаны хүмүүс Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Коёо таун, шинэ гүүр, НОЦ ХХК орчимд үерийн эрсдэл ихтэй байршил дахь үерийн хамгаалалтын барилга байгууламжуудын нөхцөл байдалтай танилцаж, үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллалаа. Түүнчлэн нийслэлийн Аврах ангийн үйл ажиллагаа, үерийн эрсдэлд бэлэн байх ажлын явцтай танилцав.

2026 онд нийслэлийн хэмжээнд олон жилийн дунджаас их хур тунадас орох төлөвтэй байгааг ус, цаг уурын байгууллагаас мэдээлсэн. Тодруулбал, зургаадугаар сарын сүүлээс наймдугаар сарыг дуустал хур тунадас ахиу орох төлөвтэй байгаа юм. Тиймээс гэнэтийн үерийн аюулаас сэргийлэх богино болон урт хугацааны төлөвлөгөөний дагуу нийслэлийн Онцгой байдлын газар, Геодези, усны барилга байгууламжийн газраас хариу арга хэмжээ авч ажиллаж байна. 

Нийслэлийн хэмжээнд үер, усны ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээний бэлтгэл, бэлэн байдлыг сайтар хангах, үерийн хамгаалалтын далан байгууламж, борооны ус зайлуулах шугамыг нэмэгдүүлэхийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үүрэг болголоо.

Нийслэлийн Онцгой байдлын газраас гамшгаас хамгаалах алба болон тусгай мэргэжлийн ангиудад 622 ажилтан үүрэг гүйцэтгэж байна. Есөн дүүргийн хэмжээнд 93 мэргэжлийн анги, 32 сайн дурын хэсэг бэлэн байдалд ажиллаж байна.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Г.Галбадрах “Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд зургаадугаар сарын 10-наас есдүгээр сарын 15-ны хооронд гол усны завьт эргүүл ажиллуулна. Мөн зургаадугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ны хооронд “Усыг бүү бас” нөлөөллийн аяныг хэрэгжүүлнэ. Үерийн хамгаалалтын инженерийн байгууламжийн үзлэг шалгалтыг эхлүүлсэн бөгөөд долоодугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулна” гэлээ.

Өнөөдөр нийслэлийн хэмжээнд үерийн хамгаалалтын барилга байгууламжуудын 70 хувийн насжилт дууссан. Борооны ус зайлуулах гол коллектор шугамуудын дийлэнх нь 1990 оноос өмнө хийгдсэн. Улаанбаатар хотын зургаан дүүргийн хэмжээнд 2025 оны байдлаар нийт 103 байршилд нийтийн эзэмшлийн зам талбай болон орон сууцны гадна талбайд борооны ус тогтдог байна.

Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан “Энэ жил Сэлбэ, Дунд голын үерийн эрсдэл өндөр байна. Иймд Сэлбэ сэргэлт төслийн хүрээнд үерийн далан байгууламж барьсан. Сэлбэ сэргэлт төсөл, Сэлбэ голын үерийн ус хуримтлуулах усан сан барих зэрэг томоохон төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатай. Мөн урсгалд саад болж буй байршилд газар чөлөөлөлт хийх, шугам сүлжээний ашиглалтыг сайжруулж байгаа” гэдгийг онцоллоо.

Үерийн эрсдэлээс сэргийлэх чиглэлээр нийслэлээс дараах ажлуудыг хэрэгжүүлж байна.

2023 онд 4 байршилд 1.30 км шугам, 998 орчим худгийн засвар

2024 онд 16 байршилд 3.80 км шугам, 580 орчим худгийн засвар

2025 онд 12 байршилд 6.20 км шугам, 4 байршилд 364 метр шугамын засвар, 1013 ширхэг худгийн засвар

2024 онд УБЗАА-ны захиалгаар ус тогтдог 24 байршилд борооны ус зайлуулах шугамын зураг төсөл батлан, ажлыг үе шаттай гүйцэтгэж байна.

2026 онд 16 байршилд 8.2 км борооны ус зайлуулах шугам угсарч байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10