Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, НИТХ-ын дарга Д.Ихбаяр болон холбогдох албаны хүмүүс Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Коёо таун шинэ гүүр, НОЦ ХХК орчимд үерийн эрсдэл ихтэй байршил дахь үерийн хамгаалалтын барилга байгууламжийн нөхцөл байдалтай танилцаж, үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллалаа. Мөн нийслэлийн Аврах ангийн үйл ажиллагаа, үерийн эрсдэлд бэлэн байх ажлын явцтай танилцсан байна.
2026 онд нийслэлийн хэмжээнд олон жилийн дунджаас илүү хур тунадас их орох төлөвтэй байгааг цаг уурын байгууллагаас мэдээлсэн. Тодруулбал, зургаадугаар сарын сүүлээс наймдугаар сарыг дуустал хур тунадас ахиу орох төлөвтэй байгаа юм. Тиймээс гэнэтийн үерийн аюулаас сэргийлэх богино болон урт хугацааны төлөвлөгөөний дагуу нийслэлийн Онцгой байдлын газар, Геодези, усны барилга байгууламжийн газраас хариу арга хэмжээ авч ажиллаж буйгаа танилцууллаа. Энэ үеэр анхаарал татсан гол асуудлыг Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан хэллээ. Тэрбээр Улаанбаатар хотод 1966 оных шиг үерийн нөхцөл байдал үүсвэл хамгаалах далан, үерийн байгууламж байхгүй, нийслэл хот үерийн өндөр эрсдэлтэй нөхцөл байдалд байгааг хотын дарга Б.Пүрэвдагвад танилцуулжээ. Өнөөдөр нийслэлийн хэмжээнд үерийн хамгаалалтын барилга байгууламжуудын 70 хувийн насжилт дууссан. Борооны ус зайлуулах гол коллектор шугамуудын дийлэнх нь 1990 оноос өмнө хийгджээ.
Нийслэлийн хэмжээнд үер, усны ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээний бэлтгэл, бэлэн байдлыг сайтар хангах, үерийн хамгаалалтын далан байгууламж, борооны ус зайлуулах шугамыг нэмэгдүүлэхийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн харьяа байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.
АДМИН







Нийгэм







