Хилийн цэргийн 0164 дүгээр ангид 2026 оны нэгдүгээр ээлжээр татагдан ирсэн дайчдын “Цэргийн тангараг өргөх ёслол” болж, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан оролцлоо.
Ёслолын үеэр сайд С.Амарсайхан төрийн алтан соёмбот далбаан дор цэргийн тангараг өргөж буй дайчдад хандан үг хэлж, эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сахин хамгаалах эрхэм үүргээ нэр төртэйгөөр биелүүлэхийг хүсэн ерөөлөө.
Тэрбээр нэг сарын өмнө анх татагдан ирсэн залуус богино хугацаанд цэргийн сахилга бат, хатуужил, хүмүүжлийг эзэмшиж, эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ ухамсарласан эр цэргүүд болон төлөвшиж байгааг онцлон тэмдэглэв.
Сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ
“Цэргийн, тэр тусмаа хилчний тангараг бол зөвхөн цээжилж хэлэх үг биш, эх орондоо өгч буй эр хүний амлалт, төрийн өмнө хүлээж буй өндөр хариуцлага юм” хэмээн онцоллоо.
Түүнчлэн эх оронч, эрэлхэг хөвгүүдийг өсгөн хүмүүжүүлж, торгон хил рүү илгээсэн эцэг эх, асран хамгаалагчдад талархал илэрхийлж, төр засгийн зүгээс хилчдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, алба хаах орчин нөхцөл, техник хэрэгсэл, нийгмийн баталгааг сайжруулахад онцгой анхаарч ажиллахаа мэдэгдлээ.
Арга хэмжээний төгсгөлд сайд С.Амарсайхан шинэ дайчдад төрийн далбаан дор өргөсөн тангарагтаа үнэнч байж, цэргийн эрдэмд шамдан суралцан, эх орныхоо төлөө зүтгэх эр зоригтой, хариуцлагатай хилчид болон төлөвшинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, албаа нэр төртэй хаахыг хүсэн ерөөв.
АДМИН







Нийгэм







