Манайхан сүүлийн үед эмчээс илүү интернэтэд итгэдэг болжээ. Толгой өвдвөл тархины хавдар, гуниглавал сэтгэл гутрал, юм аа дахин шалгавал OCD, ааш нь савлавал хоёр туйлт эмгэг. ТикТок үзээд өөрийгөө оношилдог шинэ үе төрсөн гэсэн үг.
Гэвч сэтгэл гутрал гэдэг гуниг биш. Гуниг бол хүний амьдралын хэвийн мэдрэмж. Харин сэтгэл гутрал бол өвчин.
Эмнэлзүйн утгаараа сэтгэл гутрал гурван том шинжтэй. Нэгдүгээрт, амьдралаас баяр баясгалан мэдрэхээ больдог. Хоёрдугаарт, сэтгэхүй удааширдаг. Гуравдугаарт, үйл ажиллагааны идэвх унтардаг. Хүн орноосоо босох тэнхээгүй болж, энгийн шийдвэр гаргах ч хэцүү санагдана. Энэ бол “өнөөдөр жаахан гунигтай байна” гэсэн асуудал биш.
Орчин үеийн амьдрал сэтгэл гутралын төгс хөрс болжээ. Хүн бүр яарч байна. Амжилт руу гүйж байна. Гэхдээ амрах цаггүй. Нойргүй, хөдөлгөөнгүй, бухимдалтай амьдарч байна.
Нойр бол тархины үйлчилгээний төв засвар юм. Гэтэл хүмүүс нойроо хасаж амжилт худалдаж авна гэж боддог. Үр дүнд нь бүтээмж буурна. Ажил амжихгүй. Түгшүүр нэмэгдэнэ. Дахиад илүү ажиллана. Дахиад нойроо хасна. Ингээд хүн өөрөө өөрийгөө мөлждөг тойрогт ордог.
Түгшүүр ирээдүйгээс төрдөг. Харин сэтгэл гутрал өнгөрснөөс төрдөг гэж хэлж болно. “Тэр үед ингэхгүй яав”, “Яагаад тэгсэн юм бол” гэсэн бодлууд тархинд эргэлдсээр байдаг. Өнгөрснийг өөрчилж чадахгүй хэрнээ хүн түүнтэйгээ өдөр бүр маргалддаг.
Удаан үргэлжилсэн сэтгэл гутрал зарим хүнийг амьдралын утга учрыг эргэлзэхэд хүргэнэ. Амиа хорлох тухай бодол ч эндээс урган гардаг. Гэхдээ амиа хорлолт бол ганцхан шалтгаантай үзэгдэл биш. Ажлын дарамт, архи, мансууруулах бодис, өр зээл, мөрийтэй тоглоом, харилцааны хямрал гээд олон хүчин зүйл нийлж байж хүнийг тэр ирмэг дээр аваачдаг.
Архи, мансууруулах бодис, мөрийтэй тоглоомын нийтлэг шинж нь нэг. Тэд бүгд тархины шагналын тогтолцоог хуурдаг. Хөдөлмөрлөж олдог баяр баясгаланг товчилж, шууд таашаал өгдөг.
Хүн нийтлэл бичээд бахархаж болно. Тамирчин бэлтгэлээ давж ялалт байгуулаад баярлаж болно. Энэ бол хөдөлмөрийн шагнал. Харин архи, мансууруулах бодис, мөрийтэй тоглоом хөдөлмөргүйгээр тэр мэдрэмжийг өгнө. Тархи үүнийг мартдаггүй. Дараа нь улам хурдан, улам амархан таашаал шаардана. Ингээд хамаарал үүсдэг.
Өөрөөр хэлбэл, асуудал допаминд биш. Допаминд хүрэх замдаа байгаа юм. Хөдөлмөрлөж хүрэх үү, эсвэл товчилсон замаар хүрэх үү гэдэг л ялгаа.
Аз болоход хүмүүсийн ойлголт өөрчлөгдөж байна. Урьд нь сэтгэцийн эмнэлэгт хандана гэдэг ичгэвтэр зүйл байлаа. “Шар хад руу явлаа” гэдэг бараг доромжлолын утгатай сонсогддог байсан үе бий. Харин өнөөдөр сэтгэцийн эрүүл мэндийг биеийн эрүүл мэндтэй адилтган ойлгодог хүн олширчээ.
Энэ бол дэвшил.
Сэтгэцийн эмчид үзүүлнэ гэдэг галзуурсан гэсэн үг биш. Харин асуудлаа эрт таньж, хүндрэхээс нь өмнө арга хэмжээ авч байгаа хэрэг.
Нийгэм бүхэлдээ стресстэй болжээ. Олны танил хүмүүс ч ялгаагүй. Алдар нэр нь аз жаргалын баталгаа биш. Харин ч эсрэгээрээ ганцаардал, дарамт, хүлээлт ихэсдэг. Заримдаа олон мянган дагагчтай хүн ганц ч ойлгодог хүнгүй үлддэг.
Хүн бүрт асуудал бий. Харин хүн бүр сэтгэцийн эмгэгтэй гэсэн үг биш.
Харин нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сэтгэл гутрал бол сул дорой зангийн нэр биш. Хүсвэл гарчихдаг сэтгэлийн байдал ч биш. Энэ бол оношлогддог, эмчлэгддэг, урьдчилан сэргийлж болдог эмгэг.
Тиймээс интернэтээс онош хайхаас илүү мэргэжлийн тусламж хайх нь зөв. Өөрийгөө нуухаас илүү ярьж сурах нь зөв. Учир нь заримдаа хүнийг авардаг зүйл эм биш, сонсож чаддаг нэг хүн байдаг.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм






