Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт автомашин явган зорчигч мөргөсөн хэрэг гарчээ.
Тодруулбал, 2026 оны зургаадугаар сарын 8-ны өдөр цагдаагийн байгууллагад “Автомашинд хүүхэд мөргүүлчихлээ” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Шалгалтын явцад “Delica” маркийн автомашины жолооч хөдөлгөөнд оролцож явахдаа явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан 10 настай хүүхдийг мөргөж, гэмтээсэн нөхцөл байдал тогтоогджээ. Уг хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.5-д “10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд оролцуулахдаа өөрөөсөө салгахгүй, хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх зэрэг байдлаар авч явна” гэж заасан байдаг.
Иймд цагдаагийн байгууллагаас эцэг эх, асран хамгаалагчдыг бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, замын хөдөлгөөнд оролцуулахдаа заавал хамт байж, аюулгүй байдлыг нь хангахыг анхаарууллаа.








Нийгэм







