Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн ээлжит хоёрдугаар хуралдаан /2026.06.08/ боллоо.
Хуралдаанаар Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, гал түймэр, үер ус, газар хөдлөлтийн аюул эрсдэлийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, Гамшгийн эрсдэлийг бууруулах Үндэсний зөвлөлөөс хэрэгжүүлж буй бодлогын талаар ОБЕГ, Нийслэлийн Онцгой байдлын газар, Геодези, усны барилга байгууламжийн газар, Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлэл хийж, тулгамдаж буй зарим асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв.
ГАЛ ТҮЙМЭР, ҮЕР, ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ЗӨВЛӨМЖИЙН БИЕЛЭЛТ 49 ХУВЬТАЙ БАЙНА
Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдаанаас гал түймэр, үер, газар хөдлөлтийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх ажлуудыг холбогдох албаныханд зөвлөмж болгосон. Энэхүү зөвлөмжийн биелэлт 49 хувьтай байгааг Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Галбадрах танилцуулсан юм. Тэрбээр, үерийн эрсдэлтэй бүсэд буусан айл өрх, аж ахуйн нэгжид хяналт тавих, нүүлгэн шилжүүлэх, 9 дүүргийн гал түймэр унтраах, аврах ангид сургалтын танхим тохижуулж, 4800 орчим хүүхдийг сургалтад хамруулсан, “20 минутын хот концепц”-ын хүрээнд 6 дүүрэгт аврах анги шинээр байгуулах ажлын явц, өндрөөс гал түймэр унтраах хоёр дроныг ажиллагаанд ашиглаж буй тухайд танилцуулаад Мэдээлэл шуурхай удирдлагын төв байгуулах ажил 70 хувьтай байна гэв.
Цаашид нийслэлийн 9 дүүргийн гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээг үе шаттай хийж гүйцэтгэх, Туул гол дагуух эрсдэлтэй цэгт байршуулсан камерын тоог нэмэгдүүлэх, БЗД-ийн 22 дугаар хороонд байрлах “Усны сургалтын төв”-ийн газрын асуудал зэргийг хуралдаанаас гарах зөвлөмжид тусгуулах санал дэвшүүлэв.
СЭЛБЭ, ТУУЛ, ДУНД ГОЛ ҮЕРЛЭВЭЛ 2.7 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРЧ БОЛЗОШГҮЙ
Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан “Сэлбэ, Дунд гол үерлэснээр 400 ам.км талбай, Туул гол үерлэвэл 3200 га суурьшлын бүс усанд автах эрсдэлтэй бөгөөд үерийн улмаас нийт 2.7 их наяд төгрөгийн хохирол учирч болзошгүй гэсэн судалгаа, тооцоо гарсан. Үүнд, ТЭЦ III, IV зэрэг стратегийн ач холбогдолтой барилга байгууламж өртөх эрсдэлтэй”-г хэлэв.
Он гарсаар 19 байршилд борооны ус зайлуулах 17.1 км шугам, 2 байршилд хөрсний ус зайлуулах 7.2 км шугам угсарч, насжилт өндөр 43 км шугамыг угааж, цэвэрлэх ажлыг хийж, 10 байршилд нассост худгийн тоног төхөөрөмж, цахилгаан хангамжийг шинэчилж байна. Дэлхийн банк, Эксим банк, НҮБ-ын Хабитат төслийн хүрээнд үерийн хамгаалалтын далан, суваг, голын эргийн тохижилтын ажил хийгдэж байгааг онцлоод өнгөрсөн жил 12 байршилд борооны ус зайлуулах 6.2 км шугам угсарч, үерийн хамгаалалтын 9.6 км суваг ашиглалтад оруулсан гэлээ.
НИТХ-ЫН ДАРГА Д.ИХБАЯР: ГОЛЫН ГОЛДИРОЛЫГ ӨӨРЧИЛСӨН, ГАЗРАА ЗӨВШӨӨРӨЛГҮЙ СУНГАСАН АЖ АХУЙН НЭГЖҮҮДТЭЙ УУЛЗАЖ, ЭРСДЭЛИЙГ АРИЛГА
НИТХ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга Д.Ихбаяр, иргэдээс ирсэн санал хүсэлтийг холбогдох газруудад уламжилж, яаралтай шийдвэрлэж, хариу өгөхийг үүрэг болгов. Мөн голын голдирлыг өөрчилсөн, газраа зөвшөөрөлгүй сунгасан аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, газар чөлөөлөх, болзошгүй эрсдэлийг анхааруулах, урьдчилан сэргийлэх асуудлыг нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатайг анхааруулав.
АДМИН








Нийгэм







