Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн ээлжит хоёрдугаар хуралдаан /2026.06.08/ боллоо.
Улаанбаатар хотын газар хөдлөлтийн эрсдэлийн нөхцөл байдлын талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал Ч.Одонбаатар хуралдаанд мэдээлэл хийсэн юм.
Өнөөдрийн байдлаар Монгол орны 19 аймгийн нутаг дэвсгэрийн 68 байршилд газар хөдлөлт бүртгэх 130, хөрсний худатгал хэмжигч 34, амжиж анхааруулах 12 системийн станц ажиллаж байна. Улаанбаатар хот орчимд 2000-2025 онд нийт 19000 газар хөдлөлт бүртгэгдсэн аж. Он гарсаар Улаанбаатар хот орчмын бүс нутагт нийт 165 газар хөдлөлт болсноос хамгийн хүчтэй 3.5 магнитуд бүртгэгджээ.
ОБЕГ, Японы “Жайка” байгууллагатай хамтран 2017 оноос хэрэгжүүлсэн “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Монголд ажилласан Японы эрдэмтэн Улаанбаатар хотын зүүн урд талд газар хөдлөлтийн идэвхтэй 50 км урт хагарал илрүүлсэн байна. Одоогоор хот орчмын бүсэд энэ хагарлын нөлөө мэдрэгдээгүй ч нарийвчлан судлах шаардлагатай гэж үзсэн. Газар хөдлөлтийн талаарх мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс ОБЕГ-ын гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд шуурхай дамжуулах систем бүрдүүлж, гурван үе шаттай дамжуулдаг. Мөн “EQ info” апплейкейшнээр газар хөдлөлтийн мэдээллийг шуурхай авч, тухайн газрынхаа чичирхийллийг үнэлэх боломжтой юм.
“Одоогоор Улаанбаатарт 3.5 магнитудаас хүчтэй газар хөдлөлтийг мэдрэх 4 станц ажиллаж байна. Цаашид хөрсний хурдатгал бичигч энэхүү станцыг 10 болгох шаардлагатай” -г Одон орон геофизикийн хүрээлэнгийн захирал Ч.Одонбаатар онцлов.
НИТХ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга Д.Ихбаяр, Ч.Одонбаатар захирлын хэлсэн 10 станцын асуудлыг төсөвт суулгаж шийдвэрлэх нь зүйтэй гэв. Зөвлөлийн гишүүд холбогдох албаны хүмүүсээс асуулт асууж, зарим мэдээллийг тодруулсан юм.
Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга Д.Ихбаяр хоёрдугаар хуралдаанаас нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НОБГ дүүргүүдийн зөвлөлийн дарга нарт дараах арга хэмжээг авч ажиллахыг зөвлөмж болгов.
Үүнд,
- Зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдааны зөвлөмжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, 9 дүүргийн гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээг хийж гүйцэтгэх,
- Алба хаагчдыг олон улсын богино хугацааны сургалт, дадлагын хөтөлбөрт үе шаттайгаар хамруулах, үйл ажиллагаанд дрон болон бусад технологийн дэвшлийг нэвтрүүлэх,
- Мэдээлэл шуурхай удирдлагын төв байгуулах төслийг хууль тогтоомжид нийцүүлэн богино хугацаанд хэрэгжүүлэх. Нийслэлийн аврах анги, дүүргийн дэд төв, шуурхай удирдлагын байрыг нэгдсэн системд холбох санхүүжилтийг шийдвэрлэх,
- Иргэдэд зориулсан гамшгаас урьдчилан сэргийлэх сургалтын танхимыг тохижуулах, урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян, сургалтыг тогтмол зохион байгуулах, бэлэн байдлыг хангах,
- Шаардлагатай байршлуудад далан, суваг барих ажлыг төлөвлөн хэрэгжүүлэх. Үерийн эрсдэлтэй бүсэд буусан айл өрхийг нүүлгэх шилжүүлэх, газар чөлөөлөх болон холбогдох зардлыг төсвийн тодотголд тусгах,
- Орон сууцны барилга, байгууламжуудын газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварыг үнэлж, дахин төлөвлөх, хүчитгэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах зэрэг асуудлыг шийдвэрлэж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг даалгав.
АДМИН








Нийгэм







