"Гэгээн Пантелеймон" явуулын клиник-оношилгооны төв нь 2026 оны тавдугаар сарын 18-наас зургаадугаар сарын 4-нийг дуустал хүмүүнлэгийн ажиллагааны хүрээнд Монгол Улсад ажиллалаа.
Энэ хугацаанд "Оросын төмөр зам-Анагаах ухаан" (РЖД-Медицина)-ны эмч нар Улаанбаатар төмөр замын Замын-Үүд, Сайншанд, Чойр, Зүүнхараа, Дархан, Сүхбаатар болон Улаанбаатар гэсэн гол долоон өртөөнд ажиллаж орон нутгийн оршин суугчдад үзлэг, оношилгоо хийв.
Ажилласан өдрүүдэд хоногт дунджаар 200 орчим хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар хандаж байв. Галт тэрэгтэй эмнэлгийнхэн дотор, зүрх судас, мэс засал, хүүхэд, бөөр, эмэгтэйчүүд, дотоод шүүрэл (эндокринологи), шүд болон нүдний эмчийн зөвлөгөө тусламжийг үзүүлсэн.
Үүнээс гадна хэт авианы оношилгоо (ЭХО), зүрхний бичлэг (ЭКГ), дурангийн оношилгоо, рентген болон хөхний (маммографи) шинжилгээ, мөн төрөл бүрийн лабораторийн шинжилгээг хийж үйлчилсэн нь Монголын алслагдсан суурин газруудын оршин суугчдад нэн шаардлагатай, цаг үеэ олсон ажил болжээ.
Ташрамд дуулгахад, галт тэрэгтэй эмнэлгийнхэн Монгол Улсад ажлаа эхэлсэн анхны өдөр Замын-Үүд өртөөнд нэг өдрийн дотор үзлэгт бүртгүүлсэн хүмүүсийн тоо 270-д хүрсэн нь түүхэн дээд амжилт болсон байна.
Оросын эмч нарын Монгол Улс дахь буянтай үйлсийг “РЖД” ТӨХК (Оросын төмөр замууд) болон “УБТЗ” ХНН-ийн санаачилгаар, Россотрудничество агентлагтай хамтран “Миссия Добро” (“Энэрэл”) хүмүүнлэгийн төслийн хүрээнд зохион байгуулжээ.
АДМИН







Нийгэм







