Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2026 оны зургаадугаар сарын 10-ны өдрийн захирамжаар шүлхий өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх, хяналтыг эрчимжүүлэх зорилгоор зарим суманд тогтоосон хорио цээрийн дэглэмд өөрчлөлт орууллаа.
Аймгийн Онцгой комиссын шийдвэр болон Мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн Өлгий сум, Бугат сумын 3, 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж байсан хорио цээрийн дэглэмийг бууруулж, энэ сарын 10-ны өдрийн 13:00 цагаас эхлэн 14 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэмд шилжүүллээ.
Харин шүлхий өвчний тархалт бүрэн буураагүй байгаа тул Алтай суманд мөрдөж буй хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлж, шинээр өвчний тохиолдол батлагдсан Дэлүүн суманд мөн хорио цээрийн дэглэм тогтоон хүн, мал, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлахаар боллоо.
Мөн аймгийн төвөөс Улаанбаатар хот, Ховд, Увс аймаг болон Буянт, Толбо сум, Цагааннуур боомтын чиглэлд зорчих иргэд, тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйтгэл хийж нэвтрүүлэх ажлыг зохион байгуулахаар боллоо.
Захирамжаар Ховд аймаг болон Баян-Өлгий аймгийн Алтай, Булган, Буянт, Дэлүүн, Толбо сумдын хоорондох малын шилжилт хөдөлгөөнийг бүрэн хориглосон байна. Түүнчлэн олон нийтийг хамарсан хурим найр, хүлээн авалтын үйл ажиллагаанд нэмэлт хяналт тавьж, өвчин бүртгэгдсэн болон эрсдэлтэй бүсээс мал, мах бүтээгдэхүүн оруулахыг хориглоно.
Мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд хурдан морины бүх төрлийн уралдаан, үсэргээ зохион байгуулахыг тодорхойгүй хугацаагаар зогсоолоо.
Аймаг, сумдын удирдлагуудад ариутгал халдваргүйтгэлийг эрчимжүүлэх, хяналтын цэгүүдийг ажиллуулах, өвчний голомт болон хамгаалалтын бүсэд хөдөлгөөний хяналтыг чангатгах үүрэг өглөө.
Иргэд, малчдыг холбогдох байгууллагын заавар зөвлөмжийг чанд мөрдөж, шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд идэвхтэй хамрагдахыг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.
|
Эх сурвалж
| Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар
|
АДМИН







Нийгэм







