Dark Light
Нийгэм | 2026-06-12

ИПОТЕКИЙН СИСТЕМД ГАЦСАН 47 МЯНГАН ӨРХ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Монголд орон сууц гэдэг амьдрах орчин гэхээсээ илүү азын сугалаа болж хувирсан. Ипотекийн зээл авсан нь азтай, авч чадаагүй нь хүлээлтийн жагсаалтад амьдралаа даатгана. Өнөөдөр арилжааны банкууд дээр 47 мянга гаруй иргэн ипотекийн зээл хүсээд 6.7 их наяд төгрөгийн эрэлт үүсгэчихсэн сууж байна. Энэ бол орон сууцны хомсдол биш. Санхүүжилтийн хомсдол.

Хэдэн жилийн турш ипотекийн зээлийг зөвхөн Монголбанкны эргэн төлөлтөөр санхүүжүүлж ирсэн. Өөрөөр хэлбэл өмнөх хүн төлсөн мөнгөөр дараагийн хүн зээл авдаг. Нэг ёсны орон сууцны санхүүжилтийн "дамжуулан амьдруулах" систем. Ийм тогтолцоогоор бол хэдэн арван мянган хүн насан туршдаа дараалалд зогсоод ч ээлжээ хүлээж дуусахгүй.

Тиймээс 6 хувийн ипотекийн хөтөлбөрөө үргэлжлүүлэхийн зэрэгцээ 8, 10, 12, 14, 16 хувийн хүүтэй олон шатлалт бүтээгдэхүүн гаргана гэж байгаа нь эдийн засгийн хувьд бодитой алхам. Бүх хүн 6 хувийн зээл хүсдэг ч бүх хүнийг 6 хувийн зээлээр хангах мөнгө Монголд байхгүй. Үнэн гэвэл энэ.

Гол зорилго нь ипотекийн хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлж, жилд 30 мянга орчим өрхийг орон сууцтай болгох. Өнөөдрийн хурдаар бол энэ тоо холын мөрөөдөл мэт сонсогдоно. Гэхдээ асуудал нь хүсэл биш, эх үүсвэр.

Тиймээс орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банк байгуулах тухай ярьж байна. Хамгийн сонирхолтой нь энэ банкны 66-аас дээш хувийг хувийн хэвшил, олон улсын байгууллага, банкны салбар эзэмшиж, төр 34 хүртэлх хувийг эзэмшинэ. Өөрөөр хэлбэл төрийн нэртэй ч төрийн өмчит мангас байгуулахгүй гэсэн үг.

Тэр банк иргэдэд шууд зээл өгч арилжааны банкуудтай өрсөлдөхгүй. Харин мөнгө босгож, эх үүсвэр бүрдүүлж, банкуудаар дамжуулан ипотекийн зах зээлийг тэтгэнэ. Товчхондоо мөнгөний хоолой нь болно, харин жижиглэн худалдаачин нь биш.

Өнөөдөр ипотекийн зээлийн эх үүсвэр Монголбанкны эргэн төлөлтөөр хязгаарлагдаж байгаа бол цаашид Хуримтлалын нэгдсэн сан, үнэт цаасны зах зээл, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдаас урт хугацааны санхүүжилт татна гэж байна. Дэлхий нийт ингэж л ажилладаг. Харин бид өнөөдрийг хүртэл нэг худгаасаа ус уугаад дуусахаар нь гайхаж суудаг байжээ.

Нөгөө талд орон сууц гэдэг зөвхөн залуу гэр бүлүүдийн асуудал биш. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг эх, төрийн албан хаагчид бүгд өөр өөр хэрэгцээтэй. Тиймээс нийгмийн болон хөлслөөд өмчлөх орон сууцны тусгай бүтээгдэхүүн гаргана гэдэг нь нэг загвараар бүгдийг хэмждэг хуучин сэтгэлгээнээс гарах оролдлого юм.

Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн тухай олон жил ярьсан. Иргэд нь хохирч, компаниуд нь дампуурч, төр нь ажлаа чадахгүй гурвалжин бий болсон. Энэ тогтолцоог өөрчилж, иргэдийг хохиролгүй, компаниудыг хүнд сурталгүй оролцуулахгүй бол дахин төлөвлөлт цаасан дээрээ л үлдэнэ.

Гэхдээ хамгийн чухал нь нийлүүлэлт. Монголчууд орон сууцны үнэ бууруулах тухай ярихдаа дандаа зээлийн хүү ярьдаг. Үнэндээ үнэ өсөөд байгаа гол шалтгаан нь орон сууц хүрэлцэхгүй байгаатай холбоотой. Зах зээл дээр шинэ байр олноор гарч ирвэл өрсөлдөөн өөрөө үнийг тогтооно.

Иймээс газар, дэд бүтцийг төр бэлдэж өгч, барилгын компаниудын төслийг хөдөлгөж, жижиг дунд компаниудад батлан даалт гаргаж өгөх нь чухал. Манайд мөнгөгүйгээс болж зогссон барилгын төсөл олон бий. Тэр бүгд хөдөлбөл нийлүүлэлт нэмэгдэнэ.

Эцэст нь ТОСК, НОСК болон орон нутгийн орон сууцны байгууллагуудыг нэгтгэн "Үндэсний орон сууцны корпораци" байгуулах санал гарч байна. Энэ нь шинэ дарга нарын орон тоо бий болгох биш, харин одоо байгаа олон дарга, олон ТУЗ, олон байгууллагын давхардлыг цөөлөх учиртай. Хэрэв үнэхээр цомхон, чадварлаг бүтэц байгуулж чадвал орон сууцны бодлого нэг цонхоор хэрэгжинэ.

Монголчуудын мөрөөдөл энгийн. Тэд ордон хүсээгүй. Зүгээр л өөрийн гэсэн байр хүссэн. Харин төрийн өмнө байгаа асуулт нь бүр ч энгийн: Орон сууцыг улс төрийн уриа хэвээр үлдээх үү, эсвэл санхүүгийн бодит тогтолцоо болгох уу?


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16