Баянгол дүүргийн Удирдах ажилтны шуурхай Зөвлөгөөн өнөөдөр болж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа. Шуурхай зөвлөгөөний үеэр холбогдох хэлтсээс дүүрэгт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын явц болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тухайлбал, энэ онд дүүргийн хэмжээнд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 113 төсөл арга хэмжээ хэрэгжиж байна.
Үүнээс 19 төсөл арга хэмжээ нь УТХО, 41 нь нийслэл, 53 төсөл арга хэмжээ нь дүүргийн ТХО-аар хэрэгжиж байна. Эдгээрээс удааширч буй төсөл арга хэмжээ нь боловсролын салбарт буюу 25, 26-р хороонд баригдах сургуулийн болон хүүхдийн эмнэлгийн барилгын ажил байна.
Иймд холбогдох хэлтсүүдийг гүйцэтгэгч талтай уулзаж, тулгамдаж байгаа асуудлыг яаралтай шийдвэрлэхийг үүрэг болголоо. Мөн энэ онд дүүрэгт нийт 20 орчим км явган хүний болон дугуйн зам тавина. Зөвхөн гэр хорооллын хороодод 4,2 км дугуйн замыг шинээр тавих бөгөөд энэ хүрээнд газар чөлөөлөх зэрэг бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байна.
Түүнчлэн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай дагуу инженерийн байгууламжийн ажил хийгдсэнтэй холбоотойгоор явган хүний зам, талбайг сэтлэх, хашаа хайс эвдэх, сэргээн засварлахгүй орхих зэрэг зөрчил давтагдсаар байна. Иймд орчны аюулгүй байдлыг хангуулах ажлын хүрээнд хороодын Засаг дарга нарыг энэ талаарх судалгааг дахин гаргаж танилцуулах, энэ хүрээнд засвар үйлчилгээ хийхээр боллоо. Мөн Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд,
- Улаанбаатар хотын ЗАА-аас гаргасан хуваарийн дагуу дүүргийн цэвэрлэгээ хийх, Хороодын Засаг дарга нар ААНБ-уудыг гаднах хаягийн байгууламж, орчны өнгө үзэмжийг сайжруулах талаар мэдээлэл хүргэж ажиллах,
- Дүүргийн хэмжээнд 45 байршилд 1,6км хашаа буулгаж газрын зөрчил арилгахтай холбоотойгоор гүйцэтгэгч ААН-ийг шалгаруулах ажлыг зохион байгуулах,
- 2026-2027 оны хичээлийн жилээс дүүрэг дэх төрийн өмчийн сургуулиудад “Сургуулийн цагдаа” ажиллуулахтай холбоотойгоор бэлтгэл ажлыг хангаж танилцуулах,
- 2026-2027 оны хичээлийн жилд хэчнээн цэцэрлэг, сургууль түрээсийн байранд үйл ажиллагаа явуулах талаар судалгааг гаргах, танилцуулах,
- Боловсролын байгууллагын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд засвар үйлчилгээ, цахилгаан, дулааны шугамын засварыг яаралтай хийж дуусгах,
- Дүүргийн 25-р хороо буюу 10-р хорооллын урд хэсэг, “Газар шим”ХХК-ийн хашаа байсан газрын хогийг цэвэрлэх, стандартын дагуу хашаа хатгуулж, явган хүн зорчих аюулгүй орц гарц гаргах.
- Энхтайваны өргөн чөлөө дагуу буюу 10-р хорооллын арын зам дагуу ил задгай худалдаа эрхэлж буй асуудлыг цэгцлэх,
- Дүүргийн 20- 29-р хорооны нутаг дэвсгэрт том оврын автомашинуудын зогсоолын асуудлыг шийдвэрлэх зэрэг үүрэг даалгаврыг өглөө.
|
Эх сурвалж
| Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар
|
АДМИН







Нийгэм








