Үндэсний статистикийн хорооноос 2026 оны эхний таван сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг танилцууллаа. Тоон мэдээллийг харахад Монголын эдийн засагт эерэг үзүүлэлт цөөнгүй байгаа ч иргэдийн амьдралд хамгийн их мэдрэгддэг үнэ ханшийн өсөлт анхаарал татсаар байна.
Энэ оны эхний таван сарын байдлаар инфляц 11.2 хувьд хүрчээ. Үүнд барааны бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 12.3 хувиар, үйлчилгээний бүлгийн үнэ 7.8 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Ялангуяа хүнс, ундаа, усны бүлгийн үнэ 23.4 хувиар нэмэгдсэн нь инфляцыг өсгөсөн хамгийн том хүчин зүйл болжээ.
Мөн хувцас, гутал, гэр ахуйн бараа, эмнэлэг, боловсрол, нийтийн хоол зэрэг өдөр тутмын хэрэглээтэй холбоотой бараа, үйлчилгээний үнэ бүгд өссөн байна. Энэ нь өрхийн зардал нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадварт дарамт учруулж буйг харуулж байна.
Нөгөө талд гадаад худалдааны үзүүлэлтүүд харьцангуй өөдрөг дүр зураг үзүүлэв. Монгол Улс оны эхний таван сард дэлхийн 145 улстай худалдаа хийж, нийт бараа эргэлт 13.4 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс экспорт 8.5 тэрбум ам.доллар, импорт 4.9 тэрбум ам.доллар болсон байна.
Үр дүнд нь гадаад худалдааны тэнцлийн ашиг 3.6 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.7 тэрбум ам.доллараар буюу 4.1 дахин өссөн үзүүлэлттэй гарлаа. Экспортын хэмжээ 56.9 хувиар өссөн нь энэ оны эдийн засгийн хамгийн эерэг үзүүлэлтүүдийн нэг болж байна.
Гэхдээ сарын үзүүлэлтээр харвал тавдугаар сард экспорт өмнөх сараасаа 13.8 хувиар буурсан бол импорт 4.6 хувиар өссөн байна. Тиймээс оны эхний саруудад гарсан өндөр өсөлт цаашид хадгалагдах эсэх нь анхаарал татаж байна.
Мал аж ахуйн салбарт улсын хэмжээнд 287.8 мянган толгой мал хорогдсон нь өнгөрсөн оны мөн үеэс 13.4 мянган толгойгоор нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Харин төлийн бойжилт өндөр байгаа нь эерэг мэдээ юм. Энэ оны эхний таван сарын байдлаар нийт гарсан төлийн 98.8 хувь буюу 18 сая төл бойжсон байна.
Ийнхүү оны эхний таван сарын статистик мэдээллээс харахад экспорт, гадаад худалдааны ашиг өссөн ч үнэ ханшийн өсөлт иргэдийн амьдралд дарамт болсоор байгаа дүр зураг ажиглагдаж байна. Эдийн засгийн өсөлтийн үр өгөөж өрхийн амьжиргаанд хэрхэн хүрэх нь цаашдын гол сорилт хэвээр үлдэж байна.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм








