Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар албан даалгавар, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын даргын 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 01 дүгээр хугацаатай үүрэг даалгавар, мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны салбарын Ерөнхий байцаагч нарын баталсан 01/22, 06-00/30, 05-07/33 дугаар удирдамж, Нийслэлийн Засаг даргын 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/854 дугаар Үзлэг, хяналт шалгалтыг зохион байгуулах тухай захирамжийн дагуу Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газар, Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Онцгой байдлын газрын хамтарсан №2026-05, 2024/04 дугаартай төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж гүйцэтгэж байна.
Хяналт шалгалтаар Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Усны тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, Хог хаягдлын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль болон эдгээр хууль тогтоомжид нийцүүлэн баталсан дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд хяналт тавьж, илэрсэн зөрчил дутагдалд холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч ажиллана.
Хяналт шалгалтаар тусгай зөвшөөрлийн талбайгаас хэтрүүлэн олборлосон, ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийн хэрэгжилт хангалтгүй, ус ашиглагчийн нийтлэг үүрэг биелүүлээгүй, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, төлөвлөгөөний биелэлт хангалтгүй, хөрс хамгаалах тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй, аюултай хог хаягдал хадгалах журмын хэрэгжилт хангалтгүй зэрэг зөрчил, дутагдлууд илэрсэн. Хууль бусаар түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон зөрчилд техникүүдийг талбайгаас гаргаж, лацдаж үйл ажиллагааг зогсоолоо.
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт эзэнгүй орхигдсон цэргийн зориулалттай цооног, малталтыг илрүүлж зохих байгууллагад мэдэгдэж эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна.
Хяналт шалгалтыг 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 07 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд нийт нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 140 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.
|
Эх сурвалж
| Нийслэлийн Байгаль орчны газар
|
АДМИН







Нийгэм






