Мазаалайг хамгаалах үе шаттай ажлын хүрээнд генетикийн судалгааны орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан лабораторийн орчинд иж бүрэн судалгааг Монгол Улсад анх удаа МУИС-ийг түшиглэн эхлүүлээд байна.
Шинэ технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлснээр өмнө нь гадаадын лабораториудад дээж илгээж, үр дүнг нь удаан хүлээдэг байсан практик ийнхүү өөрчлөгдөж байгаа юм.
Судлаачид мазаалайн популяцын генетикийн олон янз байдлыг тодорхойлох, устах эрсдэлийг үнэлэх, тоо толгойн тооцоолол хийх, удам төрлийн холбоо болон ангилал зүйн онцлогийг нарийвчлан судалж байна. Судалгааны эхний үр дүнг 2026 оны намар танилцуулахаар төлөвлөжээ.
Мазаалай нь зөвхөн Монгол орны говь, цөлийн бүсэд тархан амьдардаг хүрэн баавгайн ховор дэд зүйл бөгөөд International Union for Conservation of Nature-ийн Улаан дансны “устаж байгаа” ангилалд бүртгэгдсэн байдаг. Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар түүний тоо толгойг 54 бодгаль гэж тогтоосон.
Харин энэхүү генетикийн иж бүрэн судалгааны үр дүнд мазаалайн бодит тоо толгой, хүйсийн харьцаа, насны бүтэц, өсөлтийн эрчим болон цаашдын өсөлтийн төлөвийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр илүү нарийвчлалтай тодорхойлох боломж бүрдэж байна.
Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд мазаалайг хамгаалах чиглэлээр судалгаа, мониторинг, амьдрах орчны хамгаалалт зэрэг олон талт ажлыг хэрэгжүүлж ирснийг Говийн Их Дархан Цаазат Газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргаа мэдээллээ.







Нийгэм






