Улаанбаатар хотод скутер, мопед, унадаг дугуй хэрэглэгчдэд зориулсан тусгай эгнээ байгуулах ажил үргэлжилж байна.
Ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх шинэ зохицуулалтын дагуу цахилгаан дугуй, цахилгаан скутерийн жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо унадаг дугуйн зам болон тусгай зориулалтын эгнээгээр зорчих юм.
Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Замын хөгжлийн газраас авто замын зорчих хэсэгт өнгөт тэмдэглэгээ бүхий дугуй, скутер, мопедын эгнээ байгуулж, автомашины хөдөлгөөнөөс тусгаарлах ажлыг эхлүүлээд байна.
Одоогоор ийм зориулалтын 14.6 км урт эгнээ байгаа бөгөөд энэ онд 31.2 км-ээр нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Мөн зорчигчдын аюулгүй байдлыг хангаж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор 30 мянган ам метр талбайд өнгөт тэмдэглэгээ хийхээр болсон байна.
Түүнчлэн энэ онд нийслэлийн гол болон туслах гудамж, замын тэмдэг, тэмдэглэгээний ажлуудад нийт 5.5 тэрбум төгрөгийг Замын сангийн хөрөнгөөс зарцуулахаар баталжээ.







Нийгэм







