Dark Light
Нийгэм | 2026-06-17

“ХАМТДАА ЧӨЛӨӨЛЬЕ”

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Засгийн газрын индрээс Ерөнхий сайд Н.Учрал ингэж мэдэгдсэн юм. Монгол Улсын Засгийн газрын дэвшүүлсэн “Эрх чөлөөний дөрвөн зам-Дөрвөн чөлөөлөлт” нь Н.Учрал болон түүний танхимын 19 сайдын асуудал биш бөгөөд иргэдийн оролцоо, санал хүсэлтэд тулгуурласан бодлого байх учиртай. Тиймдээ ч чөлөөлөх ёстой гацаа тээг, хүнд суртал, буруу булхай хаана байгааг шууд мэдээлэх талбар буюу иргэдийн санал санаачилгыг сонсох, тэдний асуултад хариулах, хэлэлцүүлэг өрнүүлэх зорилготой “e-zasag.mn” платформыг хэрэглээнд нэвтрүүлж буйгаа зарлалаа. 
Монгол Улсын Засгийн газар, түүний агентлаг, албадын талаарх санал хүсэлт, шийдүүлэх ёстой асуудал, дугаарын хязгаарлалт, хүүхдийн мөнгө, төсөв санхүү, хурдны зам, хулгай луйвар гээд иргэн Дорж таны санаж бодож, шүүмжилж буй асуудал бүхнийг Гүйцэтгэх засаглалын тэргүүн, 19 сайдтайгаа хамт энэхүү цахим платформоор хүлээн авч, 14 хоног тутам асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргах нь ээ. 
Сайдын үүд сахиж цаг гарахыг хүлээж суудаг, “11 11” төв рүү хандчихаад хариу ирэхийг хүлээж бухимддаг, аливаа шүүмжлэлтэй асуудлаар уушны газар, унаа тэргэн дотроо л дэмий улстөржиж суух бус гар утсаа шүүрч аваад л “e-zasag.mn” аппликейшнаар дамжуулан саналаа илгээж, шүүмжлэлтэй асуудлаараа хэлэлцүүлэг өрнүүлээд зогсохгүй Ерөнхий сайд Н.Учралаас асуух боломжийг бүрдүүлсэн байна. 
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал энэ тухай ярихдаа “Намайг ЗГХЭГ-ын тэргүүнээр ажиллаж байхад Ерөнхий сайдын зүгээс “И-танхим” ашиглалтад оруулах үүрэг өгч байлаа. Гэхдээ иргэдийн санал санаачилга шууд шийдвэр болж гардаггүй учраас амилаагүй юм. Тэгвэл энэ удаа иргэний саналыг шууд авах, шийдвэр болгож гаргах боломж бүрдүүллээ. Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн бүхэн вэб сайт болон “e-zasag.mn” аппликейшныг бүх “app store”-оос татан авч гар утсандаа суулгаад “Иргэдийн санал санаачилга”, “Хэлэлцүүлэг, “Ерөнхий сайдаас асууя” булангуудад саналаа бичиж илгээгээрэй. Таны санал хүсэлтийг 14 хоног тутам “11 11” төвийн өргөдөл гомдолтой нэгтгэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэр гаргана” гэлээ.
“E-zasag.mn”-ийг хэрэглээнд нэвтрүүлснээр, 
  • 20.000 иргэн саналаа өгвөл Засгийн газраар хэлэлцэх 
  • Нийгэм олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэх
  • Төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах талбар байлгах бодлого баримталжээ. 
Өөрөөр хэлбэл, иргэн Дорж таны амьдралд автомашины дугаарын хязгаарлалт асуудал үүсгэж байвал гар утаснаасаа нэвтэрч ороод л уг асуудлаар хэлэлцүүлэг үүсгэж болох юм. Бусад иргэд тухайн хэлэлцүүлэг рүү орж саналаа өгөх, яагаад болохгүй байгааг шүүмжилсэн, нотолсон баримт, файл хавсаргах, хэлэлцүүлэг ямар хүрээнд явж байгаа, хэдэн хүн санал өгснийг шууд харахаас гадна Ерөнхий сайд Н.Учрал энэ талаар ямар байр суурьтай байгааг ч асуух боломж бүрдсэн гэсэн үг. 
Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журмын 4.8-д “Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд хамаарах нийтийн ашиг сонирхлыг хөндсөн дараах асуудлаар гаргасан иргэн хуулийн этгээдийн саналыг Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн дэмжсэн бол хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэсэн заалт байдаг ч хэрэгжиж байсан удаагүй юм билээ. 
Үе, үеийн Засгийн газар энэхүү заалтыг хэрэгжүүлэх гэж хичээж, иргэдийн шууд оролцоог хангах тухай ярьдаг ч ажил хэрэг болсон нь цөөхөн. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед бүх сайд нар нь сууж асуултад хариулах байдлаар ил тод байдлыг хангаж байсан ч түүнээс хойших Засгийн газрууд лхагва гарагийн мэдээлэл, 100 хоногийн тайлан төдийхнөөр аргацааж байсан нь худлаа биш.  2022 онд уг заалтыг амилуулах үүднээс “И танхим” платформ хэрэглээнд нэвтрүүлж байжээ. Харамсалтай нь 20 мянган иргэний санал авсан ч асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргах явц нь удаан, хойрго байсан учраас амилж чадаагүй юм билээ. 2025 онд илүү сайжруулан “D.gov.mn” болгож, гар утасны аппликейшнаар сайжруулалт хийсэн ч системийн сайжруулалт төдий болоод өнгөрсөн байдаг. Иргэдийн саналыг сонсдог “11 11” төв өнөө хэр ажиллаж байгаа ч өгсөн санал гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн, хэнд уламжилсан, бусад иргэд энэ талаар ямар бодолтой байгааг мэдэх боломжгүй гэх мэтээр сул тал байсан нь үнэн. 
Тэгвэл энэ удаагийн цахим шинэчлэлээр асуулт асуух, асуулга үүсгэх, хэлэлцүүлэг өрнүүлэх, хянах явцыг бүгдийг нь нэг дор багтааж, 14 хоног тутам эргэж үр дүнг мэдээлэх хяналттай болгосноор иргэдийн оролцоог хангах заалт бодит утгаараа хэрэгжих нь ээ. Системийн үндсэн зорилго нь оролцоонд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих бөгөөд ард иргэдийн дунд хамгийн өндөр үнэлгээтэй байгаа “D.parliament” цахим платформ шиг үр дүнгээ өгч, төрийн буруу шийдвэрийн төлөө гэртээ бухимдаж суудаг бус оролцдог, хянадаг, хэлэлцүүлэг өрнүүлдэг буюу иргэд хамтдаа хүнд суртлаас, авлигаас, эдийн засгийн тээг садаанаас чөлөөлөгдөх гарцыг тавьж өглөө. Үүнийг амилуулах үүргийг иргэн та ч хүлээж буй учраас идэвхтэй, оролцоотой байж эрх чөлөөний дөрвөн чөлөөлөлтөд хамтдаа хүрцгээе. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16