Dark Light
Нийгэм | 2026-06-17

ОРОН НУТАГТ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГҮҮДИЙГ БАЙГУУЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо (МАШҮХ) болон арьс шир боловсруулах үйлдвэрүүд хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд арьс, ширэн түүхий эдийн бэлтгэл, нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлэх ажлыг эхлүүлээд байна.
Энэ хүрээнд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Архангай, Төв аймгуудад дулааны улиралд хаягддаг арьс, ширэн түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулж, орон нутагт анхан шатны түүхий эд бэлтгэлийн цэгүүдийг байгуулахаар боллоо.
Хөдөө аж ахуйн бирж, МАШҮХ болон арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн гурван талт гэрээ, хамтын ажиллагааны хүрээнд арьс ширний түүхий эдийн арилжааг зохион байгуулж, малчдын гар дээрээс болон мал нядалгааны цэгүүдээс арьс, шир худалдан авна. Улмаар анхан шатны боловсруулалт хийсний дараа боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлж, нэмүү өртөг шингээсэн үндэсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих боломж бүрдэх юм.
Хамтын ажиллагааг энэ сарын 20-27-ны өдрүүдэд 5 аймагт эхлүүлэх бөгөөд эхний ээлжид Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгаас үхрийн шир, Хөвсгөл, Архангай аймгаас хонины нэхий, үхрийн шир, сарлагийн шир тус тус худалдан авна.
Монгол Улсын Их Хурлын 2024 онд “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 63 дугаар тогтоолыг батлуулсан. Тогтоолын хүрээнд малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих "Цагаан алт" үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж салбарын хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, түүхий эдийн чанар, бэлтгэлийн тогтолцоог дэмжих, үйлдвэрлэлт, борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх, зах зээлийг тэлэх, салбарын хүний нөөцийг бүрдүүлэх, чадавхжуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тусгагдсан юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16