Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII хуралдаан 2026 оны 06 дугаар сарын 15,19-ний өдөр товлогдсон ч цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаярын захирамжаар 17, 22-ны өдөр болгон шинэчлэн тогтоосон.
Хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК, “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нэмэлтээр судлах шаардлагатай учраас хойшлуулах хүсэлт гаргасан юм.

Хуралдааны эхэнд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” асуудлыг танилцууллаа.
Төсвийн тухай хуулийн 34.2, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны тогтоолыг үндэслэн Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тогтоолыг төслийг боловсруулжээ.

Үүнд,
- Нефть, нефтийн бүтээгдэхүүний үнэ өссөний улмаас нийтийн тээвэр, хог хаягдлын менежмент, ногоон байгууламжийн арчилгаа зэрэг суурь үйлчилгээний зардалд нөлөөлж байгаа учраас шаардлагатай нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэх,
- 2006-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд 280 мянган тонн хагас коксжсон шахмал түлш, 150 мянган тонн сайжруулсан шахмал түлш мидлинг худалдан авч хэрэглэгчид нийлүүлэх шаардлагатай нэмэлт эх үүсвэрийг шийдвэрлэх,
- Төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэл болон он дамжин зарцуулагдах мөнгөн хөрөнгийн үлдэгдлийн бодит хэмжээ анхны төсөөллөөс өөрчлөгдсөн тул төсвийн орлого санхүүжилтийн эх үүсвэрийн тооцооллыг бодит нөхцөл байдал нийцүүлэн шинэчлэх,
- Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд 2026 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар гэрээ байгуулагдаагүй хөрөнгө оруулалтын төслийн санхүүжилтийг төсвөөс хасаж, төсвийн үр ашиг сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай учраас 2026 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон байна.
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу гэрээ байгуулагдаагүй, төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр батлагдсан хөрөнгийн төсөл арга хэмжээний зардлыг 443.2 тэрбум төгрөгөөр бууруулж, ажлын гүйцэтгэлтэй уялдуулж, хөрөнгийн төсөл арга хэмжээний зардлыг 25.3 тэрбум, урсгал зардлыг 404 тэрбум, орон нутгийн сангийн зардлыг 52.3 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлжээ.
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2025-2026 он дамжин санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний зардлыг 49.3 тэрбум төгрөгөөр бууруулж, орон нутгийн сангийн хөрөнгөөр дамжин санхүүжих төсөл арга хэмжээний дүнг 2.9 тэрбум төгрөгөөр, нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг 30.6 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлэхээр төсөлд тусган Нийслэлийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэв.
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид төсвийн тодотголтой холбоотойгоор асуулт асууж, санал шүүмж хэллээ.

НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул:
2026 оны төсвийг батлаад гуравдугаар сард тодотгосон. Дахиад гурван сарын дараа тодотгож байгаа нь ямар учиртай юм бэ гэж иргэд эргэлзэж, асууж байна. Энэ удаагийн тодотголын зорилго нь юу вэ гэдэгт тодорхой хариулж өгөөч.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва:
Нийслэлийн төсвийг гуравдугаар сард “COP17”-г зохион байгуулахтай холбоотойгоор тодотгосон. Харин энэ удаагийн тодотголоор өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, түлш бэлтгэх, шатахууны үнийн өсөлттэй холбоотой нэмэгдсэн нийтийн тээвэр, хот тохижилтын зардлыг ахин тооцох шаардлага үүссэн. Гуравт, Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн 5 дугаар сарын 31-нээр дуусгавар болгодог заалтаар татагдсан хөрөнгийг нэн шаардлагатай, тулгамдсан асуудалдаа дахин хуваарилсан. Мөн он дамжиж тавигдсан ч энэ ондоо оруулчих боломжтой нийслэлийн 5 сургууль, нэг цэцэрлэг, 7 байрлалын автозамтай холбоотой зардлыг оруулсан.
АДМИН







Нийгэм







