Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос энэ сарын 23, 24-ний өдрүүдэд Төрийн ордонд “Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх” сэдвээр ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахаар болжээ.
Малчдын эрх зүйн байдлыг тодорхойлох, ажиллаж амьдрах орчныг сайжруулах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломжийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадвартай мал аж ахуйг хөгжүүлэх зорилготой Малчны тухай хуулийг УИХ 2024 оны зургаадугаар сарын 5-нд баталсан. Хууль хэрэгжээд хоёр жил болсон ч хэрэгжилт хангалтгүй байгааг албаныхан онцолж байна.
Тухайлбал, уг хуулийг дагалдан батлах ёстой 11 журмаас ердөө хоёр нь батлагдсан байна. Мөн малчнаар 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан иргэний нэг хүүхдийг төрийн өмчийн их, дээд сургуульд мал аж ахуй, тэжээл, бэлчээр судлалын чиглэлээр үнэ төлбөргүй суралцуулах зохицуулалт хэрэгжиж эхэлсэн ч хамрагдсан оюутны тоо өнгөрсөн хичээлийн жилд 50-д хүрчээ. Харин малын эмч, эм зүйч зэрэг мэргэжлүүдийг уг зохицуулалтад хамруулаагүй нь оролцоог хязгаарлаж буй шалтгааны нэг гэж үзэж байна.
Түүнчлэн малчдыг орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрт хамруулж, хөнгөлөлт үзүүлэхээр хуульчилсан боловч өнөөдрийн байдлаар ердөө хоёр малчин ипотекийн зээлд хамрагдсан байна.
Иймээс Малчны тухай хуулийн хэрэгжилт, үр дүнг бодитоор үнэлж, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх зорилгоор энэхүү ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулж байгаа аж. Сонсголд иргэд, тэр дундаа малчид идэвхтэй оролцож, санал хүсэлтээ илэрхийлэх боломжтой бөгөөд биечлэн оролцох боломжгүй тохиолдолд асуулт, саналаа цахимаар хүргүүлэх юм.
Сонсголд оролцох иргэн, хуулийн этгээдийн бүртгэл, санал, тайлбарыг энэ сарын 18-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авах бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, Г.Ганбаатар, М.Ганхүлэг, Л.Мөнхбаясгалан, У.Отгонбаяр нар малчид болон иргэдийг хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг уриалжээ.
Б.АМАРТҮВШИН








Нийгэм








