НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн энэ сарын 17-нд болсон “Эмэгтэйчүүдийн оролцоотойгоор энх тайвныг цогцлоох асуудал: Эмэгтэйчүүдийн оролцоог бэхжүүлэх замаар мөргөлдөөнөөс гарах нь” сэдэвт нээлттэй хуралдаанд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр оролцож, үг хэлэв.
Тэрбээр хэлсэн үгэндээ мөргөлдөөнийг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь энх тайвныг цогцлооход чухал ач холбогдолтой болохыг онцолж, Монгол Улс “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэсний төлөвлөгөөг боловсруулж байгааг мэдээлэв. Мөн Монгол Улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглээд, өнөөдрийн байдлаар манай улсын энхийг сахиулагчдын 15 орчим хувийг эмэгтэй алба хаагчид бүрдүүлж байгаа нь НҮБ-ын зорилтот түвшнийг хангасан үзүүлэлт болохыг дурдав. Мөн эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогыг урагшлуулахдаа бүх энхийг сахиулагчдын аюулгүй ажиллагаа, шаардлагатай техник хэрэгсэл, аюулгүй орчны нөхцөлийг хангахын чухлыг онцоллоо.
Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй аюулгүй байдлын сорилтыг шийдвэрлэхэд жендэрт суурилсан хариу арга хэмжээ авах шаардлагатайг тэмдэглэж, Улаанбаатар хотноо наймдугаар сард зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд олон улсын түншүүдийг өргөнөөр оролцохыг уриалав. Нээлттэй хуралдаанд Колумби Улсын Гадаад хэргийн сайд Роза Ёланда Виллавиценсио, Вьетнам Улсын Гадаад хэргийн дэд сайд Мин Ву Нгуен, Бангладеш Улсын Гадаад хэргийн төрийн сайд Шама Обаед Ислам, НҮБ-Эмэгтэйчүүд байгууллагын Гүйцэтгэх захирал Сима Бахус зэрэг 100 гаруй төлөөлөгч оролцож байна гэж ГХЯ-наас мэдээллээ.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм








