Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын харвааны салбар хорооны ээлжит хурал өнөөдөр боллоо. Хурлыг Үндэсний сурын харвааны салбар хорооны дарга, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр удирдан явуулж, баяр наадмын бэлтгэл ажил, зохион байгуулалтын явцын талаар хэлэлцлээ.
Хурлаар үндэсний сурын харвааны тэмцээний бэлтгэл, талбайн зохион байгуулалт, харваачдын бүртгэл, аюулгүй ажиллагаа, мэдээллийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл солилцож, бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх ажлуудын явцын талаар санал солилцов.
Энэ жилийн баяр наадмаар Үндэсний сурын харваа, Урианхай, Буриад болон Өсвөрийн сурын харвааны бүртгэл, оноо, харвааны явцыг цахим хэлбэрээр ил тод мэдээлэх бөгөөд үзэгчид “Их цэц” системээр дамжуулан бодит цагийн мэдээллийг шууд авах боломжтой юм. Мөн сурын талбайд мэдээллийн дэлгэц байршуулж, харваачдын оноо болон тэмцээний явцыг шууд дамжуулан хүргэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
Түүнчлэн үндэсний сурын харвааны өв соёл, уламжлал, ёс заншлыг гадаад, дотоодын жуулчин, үзэгчдэд илүү ойлгомжтой таниулах зорилгоор дурын ажилтнуудыг ажиллуулахаар бэлтгэл ажлыг зохион байгуулж байна.
Дэд хороо баяр наадмын үндэсний сурын харвааг өндөр түвшинд зохион байгуулж, үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, харваачид болон үзэгчдийн ая тухтай, аюулгүй оролцоог хангахад онцгой анхаарч ажиллахаар болов.







Нийгэм








