НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг угтан зохион байгуулж буй “Торгоны замын тэмээн жингийн цуваа” олон улсын аялал Монгол Улсыг зорин хөдөллөө.
НҮБ-аас 2026 оныг "Олон улсын бэлчээр, малчдын жил" болгон зарласантай холбогдуулан дэлхий дахинд хэрэгжүүлж буй энэхүү өргөн цар хүрээтэй төсөл нь Турк улсаас эхлэн ОХУ, Узбекстан, Казахстан, Киргиз, БНХАУ зэрэг орныг дамжин нийт 6,000 километр замыг туулан Монгол Улсад наймдугаар сард хүрэлцэн ирнэ.
“Газраа нөхөн сэргээж, Итгэл найдвараа сэргээе” уриан дор Монгол Улсад зохион байгуулах COP17 хурлын чиглэлтэй уялдан, тус аялал нь дэлхийн хамгийн чухал бэлчээр, мал аж ахуйн бүс нутгуудаар дайран өнгөрөх юм. Энэхүү түүхэн цувааны гол зорилго нь газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг нийтлэг сорилтыг даван туулахад газар нутгаа нөхөн сэргээх үйл явцын хамгийн чухал малчдын үүргийг алдаршуулахад оршиж байна.
Аяллын хүрээнд Торгоны замын дагуух улс орнуудын бэлчээрийн экосистем, малчдын уламжлалт аж ахуй, байгальтай зохицон амьдрах ухаан, газрын нөхөн сэргээлтийн бодит шийдлийг баримтат хэлбэрээр дүрслэн үлдээж, олон улсын үзэгчдэд хүргэх медиа төслийг хэрэгжүүлнэ.
Монгол Улсад аялал үргэлжлэх хугацаанд говь, тал хээрийн өвөрмөц экосистем, нүүдлийн соёл иргэншлийн өв, бэлчээрийн менежментийн сайн туршлагуудыг олон улсын хэмжээнд сурталчлан таниулах юм.







Нийгэм








