Шашин, соёл, спортын уламжлалт “Нийслэлийн иргэдийн баяр-Хүрээ цам даншиг наадам” энэ сарын 27, 28-нд Хүй долоон худагт болно.
Ес дэх удаагаа зохион байгуулж буй тус наадмын үндэсний бөхийн барилдаанд улс, аймаг, сумын алдар цолтой хүчит 256 бөх барилдах аж. Даншиг наадмын түрүү бөхийг 30 сая төгрөгөөр мялаах бол үзүүрлэсэн нь 20 сая төгрөг гардана. Харин их шөвөгт 14, шөвгийн наймд шалгарсан бөхийн тус бүр 4.0 сая төгрөгөөр мялаах ажээ. “Хүрээ цам-Даншиг наадам”-ыг 2015 оноос дахин сэргээн зохион байгуулж эхэлсэн бөгөөд өнгөрсөн жилээс “Нийслэлийн иргэдийн баяр-Хүрээ цам даншиг наадам” болгосон билээ. Энэхүү наадамд 2015-2018 онд улсын арслан Р.Пүрэвдагва, 2019 онд өсөх идэр начин Ч.Батчулуун, 2022 онд харцага Б.Лха-Очир, 2023 онд үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар, 2024 онд заан С.Сүхбат, 2025 онд начин Д.Амарсайхан түрүүлж байв.
Наадмын үеэр Цам харайх ёслол, Лам нарын дунд ном хаялцах тэмцээн, Балин урлалын тэмцээн, Унзад, голч нарын тэмцээн зэрэг зохион байгуулагддаг ба Очирваанийн тахилга, Чингис хааны сан, Цам харайх, Сор залах, Шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин соёлын олон үйл ажиллагаа болох юм. Мөн Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, жороо морины уралдаан, сээр цохих тэмцээн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” тоглолт, Жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн үзэсгэлэн, худалдааг зохион байгуулна.
Энэхүү наадмыг зоригсдод Нийслэлийн нийтийн тээврийн газраас 16 автобусаар үнэ төлбөргүй үйлчлэх ажээ.







Нийгэм








