Төрийн тахилгат Бурхан Халдун хайрханы тэнгэрийг тайх зан үйл 2026 оны зургадугаар сарын 22-23-ны өдрүүдэд тохиож байна. Энэхүү ёслолын онцлог нь Төрийн тэргүүн У.Хүрэлсүхийн өнгөрсөн тавдугаар сарын шийдвэрээр орон нутгаас шалгарсан 99 бөөг нэгтгэж, байгаль дэлхий, тэнгэр хангайдаа даатгал өргөхөөр бэлтгэл хангасанд оршиж байгаа юм. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 5-6 мянган бөөгөөс хамгийн нэр хүндтэй, хатуу шалгуурыг давсан шилдэг төлөөллүүд ийнхүү сонгогджээ.
Тахилгад оролцох бөө нарт дараах өндөр шаардлагуудыг тавьсан байна:
- Дор хаяж 13 жил тууштай бөөлсөн байх.
- Нийгмийн сайн сайхны төлөө зүтгэдэг, олон нийтэд үлгэр жишээ, нэр төр нь цэвэр байх.
- Гэмт хэрэгт холбогдож байгаагүй байх.
Дээрх шалгууруудыг хангаснаа батлахын тулд архивын таван үеийн лавлагаа, цагдаагийн газрын тодорхойлолт зэрэг албан ёсны баримтуудыг бүрдүүлж, эрхээ баталгаажуулсан байна.
Төрийн тахилгын өмнөх үдэш буюу зургадугаар сарын 22-ны орой “Мөнх тэнгэр хороо”-ны шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан есөн зайран Төрийн голомтын галын тахилга болон Хар сүлдний зан үйлийг удирдан үйлдэх ажээ. Үүний дараа тахилгын өдрүүдэд 99 бөө хамтран нарны залбирал, лус, хайрхан болон галын тахилга зэрэг томоохон зан үйлүүдийг цувралаар гүйцэтгэж, улс орныхоо энх амгалан, хөгжил дэвшлийг даатгах юм байна.
Түүхч, судлаачдын үзэж буйгаар төрийн нэрийн өмнөөс олон бөөг цуглуулан ийм хэмжээний зан үйл үйлдүүлж буй нь эртний уламжлалтай аж. Тэд "Монголын нууц товчоо"-ны 272 дугаар зүйл болон Жужан, Хятан улсын түүхийн сурвалжуудыг харьцуулан судалж, энэхүү төрийн зан үйл нь олон зууны түүхтэйг тогтоосон байна.







Нийгэм








