Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цагдаагийн албаны сонгон шалгаруулалт, үнэлгээний багийн (SAAT) ахлагч Лаура Куасси энэ оны 06 дугаар сарын 17–22-ны өдрүүдэд Цагдаагийн ерөнхий газартай хамтран НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох цагдаагийн алба хаагчдыг сонгон шалгаруулах, үнэлэх ажиллагааг зохион байгууллаа.
Сонгон шалгаруулалтад 56 алба хаагч оролцсоноос 23 алба хаагч тэнцэж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд “Бие даасан цагдаагийн алба хаагч”-аар үүрэг гүйцэтгэх эрхтэй боллоо.
Энэхүү арга хэмжээ нь Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2026 онд дэвшүүлсэн “Алба хаагчдын мэргэжлийн ур чадварын өсөлтийг дэмжих, мэргэшсэн байдлыг бэхжүүлэх” зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй чухал ажлын нэг бөгөөд алба хаагчдын мэргэжлийн чадавхыг олон улсын түвшинд баталгаажуулах, энхийг сахиулах ажиллагаанд оролцох боломжийг өргөжүүлэхэд онцгой ач холбогдолтой юм.
Цагдаагийн байгууллага нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хүний эрхийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд бие даасан цагдаагийн алба хаагчдыг тогтмол оролцуулж ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол Улсын цагдаагийн байгууллагын нийт 35 алба хаагч НҮБ-ын мандаттай дөрвөн төрлийн энхийг сахиулах ажиллагаанд амжилттай үүрэг гүйцэтгээд байна.







Нийгэм








