УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар таван асуудал хэлэлцэж, малчдын хүүхдийг найман наснаас сургуульд элсүүлэх тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ. Тус төсөлд малчин өрхийн хүүхдийг хүсэлтийн дагуу найман насанд нь сургуульд элсүүлэх, 1-2 дугаар ангийн сургалтыг зайн болон цахим хэлбэрээр зохион байгуулах зохицуулалт тусгасан байна.
Мөн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, электрон болон халаадаг тамхи зэрэг никотин агуулсан шинэ төрлийн бүтээгдэхүүнийг тамхин бүтээгдэхүүний ангилалд хамруулах, татварын зохицуулалтыг шинэчлэх асуудлыг хэлэлцэв.
Хуралдаанаар 2025 оны улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, аудитын байгууллагаас төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, санхүүгийн сахилга бат, хариуцлагыг сайжруулах шаардлагатайг онцоллоо.
Түүнчлэн эрүүл мэндийн салбарын санхүүжилт, эмийн үнэ, хүний нөөцийн асуудлын талаар Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонссон байна. Салбар 2026 оны зургаадугаар сарын байдлаар хуримтлагдсан өргүй болсон бөгөөд эмч, сувилагчдын үндсэн цалинг энэ онд 30 орчим хувиар нэмэгдүүлжээ.
Мөн Боловсролын сайд боловсролын салбарт хэрэгжүүлж буй шинэчлэлийн талаар мэдээлэл өгч, 2030 он хүртэл Улаанбаатар хотод 108 сургууль, 95 цэцэрлэг шинээр барих, өргөтгөх төлөвлөгөөг танилцуулсан байна. Байнгын хорооны гишүүд боловсролын шинэчлэлийг эрчимжүүлэх, англи хэлний сургалтад хиймэл оюун ухааныг ашиглах чиглэлээр анхаарч ажиллахыг зөвлөв.








Нийгэм








