Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-ны дарга Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Сингапур Улсад 2026 оны 06 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж, тус улсын технологийн зохицуулалтын байгууллага болон дэлхийн мэдээллийн технологийн үндэстэн дамнасан платформуудын Ази, Номхон далайн бүсийн удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.
Айлчлалын хүрээнд талууд цахим орчны аюулгүй байдал, дижитал зохицуулалт, хүүхэд хамгааллын чиглэлээр хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаар тохиролцов.

СИНГАПУРЫН МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБОО, МЕДИА ХӨГЖЛИЙН ГАЗАРТАЙ СТРАТЕГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАХААР ТОХИРОЛЦОВ
Төлөөлөгчид Сингапурын Мэдээлэл, харилцаа холбоо, медиа хөгжлийн газар (IMDA)-ын Дэд гүйцэтгэх захирал, хатагтай Айлин Чиа (Ms. Aileen Chia) тэргүүтэй албаны хүмүүстэй хоёр талт уулзалт хийлээ. Уулзалтаар хоёр улсын дэд бүтэц болон цахим зохицуулалтын өнөөгийн байдлыг хэлэлцэж, ойрын хугацаанд Хамтын ажиллагааны санамж бичиг (MoU) байгуулахаар тохиролцов.
Хамтын ажиллагаа нь дараах үндсэн чиглэлүүдээр хэрэгжинэ. Үүнд:
- Дижитал зохицуулалт (Digital Regulation): Дижитал дэд бүтэц, хиймэл оюун ухаан (AI) болон өгөгдлийн зохицуулалтын (Data regulation) чиглэлээр туршлага солилцох;
- Кибер аюулгүй байдал (Cyber Security): Хэрэглэгчдийг цахим залилан, SMS болон дуудлагын хууран мэхлэлтээс (Call Fraud) хамгаалах, урьдчилан сэргийлэхэд сайн туршлага хуваалцах, хүний нөөцийг чадавхжуулах.

МЕТА КОМПАНИ БОЛОН ХХЗХ-НЫ ХАРИЛЦААГ ШИНЭ ТҮВШИНД ГАРГАНА
Айлчлалын дараагийн уулзалтыг МЕТА компаийн Ази, Номхон далайн бүс нутгийн төвийн Бодлогын газрын захирал, ноён Филип Чуа (Mr. Philip Chua) тэргүүтэй төлөөлөгчидтэй хийлээ. Талууд хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах тодорхой төслүүдийг эхлүүлэхээр боллоо. Үүнд:
- Хиймэл оюуныг нутагшуулах: МЕТА компанийн "Llama AI" томоохон хэлний загварт (LLM) Монгол хэлийг албан ёсоор нэвтрүүлэх, хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах;
- Хүүхэд хамгаалал: Цахим орчин дахь хүүхэд хамгааллыг сайжруулах, тэднийг сөрөг контентоос хамгаалах чиглэлээр практик ажлуудыг хамтран зохион байгуулах;
- Сонгуулийн бэлтгэл ажил: Ирэх 2027 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон 2028 оны Улсын их хурлын сонгуулиудын үеэр цахим орчинд хуурамч мэдээлэл тархахаас сэргийлэх, платформын бэлэн байдлыг хангах ажлыг эхлүүлэх.

Уулзалтын үр дүнд МЕТА компанийн төлөөлөгчид хамтын ажиллагааны төлөвлөгөөг эцэслэн боловсруулж 2026 ондоо Монгол Улсад ажлын айлчлал хийхээр тохиролцлоо.
TIKTOK ПЛАТФОРМТОЙ ШУУД ХАРИЛЦАХ СУВАГ (GOVERNMENT ESCALATION CHANNEL) НЭЭНЭ
ХХЗХ-ны төлөөлөгчид TikTok компанийн Ази, Номхон далайн бүс нутгийн төвийн Дэд ерөнхийлөгчийн ажлын албаны дарга, ноён Марк Кералт Мадригал (Mr. Marc Queralt Madrigal)-тай тэргүүтэй багтай уулзалт хийлээ.
Уулзалтаар Монгол Улсын хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангах, хууль бус контентыг хязгаарлах чиглэлээр дараах тохиролцоонд хүрэв:
- Шууд харилцааны суваг байгуулах: Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн болон хууль бус контентыг шуурхай хязгаарлах зорилгоор "Government Escalation Channel" буюу Засгийн газрын албан ёсны харилцах сувгийг нээх;
- Сургалт, семинар зохион байгуулах: Цахим орчны зохистой хэрэглээ, хүүхэд хамгааллын чиглэлээр дунд хугацааны сургалтуудыг хамтран хэрэгжүүлэх;
- Хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа: Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улсын холбогдох хууль сахиулах байгууллагуудтай TikTok компанийн мэргэжилтнүүдийг холбож, хамтын ажиллагааг дэмжих;
Сингапур улсад хийсэн энэхүү ажлын айлчлал нь Монгол Улсын цахим орчны эрх зүйн зохицуулалтыг олон улсын жишигт хүргэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах болон дэлхийн технологийн аваргуудтай шууд харилцаа тогтоон ажиллахад чухал ач холбогдолтой шийдвэрүүдийг гаргасан үр дүнтэй алхам боллоо.
АДМИН





Нийгэм









