Монгол Улсын гавьяат эдийн засагч Самбуугийн Дэмбэрэл нь 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдөр таалал төгссөнд гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.
С.Дэмбэрэл нь 1955 онд Улаанбаатар хотод төрж, 1963-1973 онд Нийслэлийн 33 дугаар сургууль, 1978-1981 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн факультетыг Эдийн засагч мэргэжлээр төгсжээ.
Тэрээр
- 1981-1984 онд “Комплекс импорт” нэгдэлд гадаад тооцооны нягтлан бодогч,
- 1984-1990 онд Шинжлэх ухааны академийн Эдийн засгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан,
- 1990-1997 онд Зах зээл судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ахлах ажилтан, захирал,
- 1997-2014 онд МҮХАҮТ-ын даргын албан үүргийг 17 жил хашжээ.
Түүнчлэн 2012-2016 онд УИХ-ын гишүүн, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дэргэдэх Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны дарга, 2018-2024 онд Монголбанкны дэргэдэх Эдийн засгийн судалгааны институтийн захирлаар тус тус ажиллаж байв.
С.Дэмбэрэл нь гадаад худалдааны гэрээ, хэлэлцээрийг боловсронгуй болгох, эдийн засаг, бизнесийн тааламжтай макро орчин бүрдүүлэх, бизнес-төр, бизнес-бизнесийн, бизнес-боловсролын салбарын түншлэлийг өргөжүүлэн хөгжүүлэх, үр өгөөжийг нь дээшлүүлэх, Засгийн газар, хувийн хэвшлийн хооронд гэрээ хэлэлцээ, хамтын ажиллагааг өргөжүүлэх, монголын худалдаа, мэдээллийн системийг дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлэн боловсронгуй болгох, худалдааг хөнгөвчлөх, хувийн хэвшлийг дэмжин хөгжүүлэхэд өөрийн мэдлэг, боловсрол, ур чадвараа зориулжээ.
Түүнчлэн Монгол дахь зах зээлийн шилжилтийн эхэн үеийн хувьчлалын үзэл баримтлал, “Приватчлал, түүний аргууд” сэдвээр судалгааны бүтээл, эдийн засгийн судалгаа, сургалтын гарын авлага зэрэг 200 гаруй бүтээл, бизнес эрхлэгчдэд зориулсан 80 орчим эдийн засаг, бизнесийн онолын цуврал ном, “Эдийн засгийн хөгжлийн асуудал”, “Цагаан ном”, “Эдийн засгийн шинэтгэл ба хөгжил”,”Юуг яаж хийх вэ?” зэрэг номын зохиогч, эрдэмтэн хүн юм.
С.Дэмбэрэлийн санаачилгаар Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дэргэд Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо, Танхимын дэргэд Импортлогчдын, Ноос, ноолуурын экспортын, Мэдээллийн технологийн, Бичил болон жижиг бизнесийн, Оёмол сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн зэрэг салбар хороодыг байгуулж, өнөөг хүртэл тогтвортой ажиллаж байна.
Тэрээр Монголын “Топ-100” аж ахуйн нэгж, “Entrepreneur”, “Улаанбаатар Түншлэл”, “Жижиг, дунд үйлдвэрлэл, техник, технологи”, “Made in Mongolia", “Жижиг бизнес эрхлэгчдийн чуулган”, “Монголын бизнес эрхлэгчдийн их чуулган” зэрэг арга хэмжээ, “Туул-21”, “Нью-21” төсөл, “Эрчим хүчний эко төсөл”, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих “Монголын бизнес эрхлэгчдийг дэмжих сүлжээ” зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулсан билээ.
Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Монгол Улсын Гавьяат эдийн засагч цолоор тус тус шагнажээ.
Монгол Улсын Гавьяат эдийн засагч Самбуугийн Дэмбэрэлийн эх орныхоо хөгжил дэвшилд оруулсан хөдөлмөр зүтгэл, шударга зан, зарчимч чанар, эгэл даруу төрх бидний сэтгэлд мөнхөд орших болно.
У.ХҮРЭЛСҮХ, С.БЯМБАЦОГТ, Н.УЧРАЛ, Б.ЖАВХЛАН, Б.ЗАЯАБАЛ, Ж.ЭНХБАЯР, Ж.АЛДАРЖАВХЛАН, Ч.ЛОДОЙСАМБУУ, Т.МӨНХСАЙХАН, Д.ИХБАЯР, Б.ПҮРЭВДАГВА, Б.ЛХАГВАЖАВ
АДМИН





Нийгэм









